Орон нутагт Хятад мотоциклоос үүдсэн осол гэмтэл их байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2015-10-21 17:14:45

Дорнод аймгийн Баяндун сумын Эрүүл мэндийн төвийн дарга, их эмч Б.Сэргэлэнбаатартай уулзаж тус сумын ЭМТ-ийн үйл ажиллагаа, хүчин чадлын талаар болон зонхилох өвчлөлийн байдлыг сонирхов.

“Манай төв нийт 26 ажиллагсадтай. Үүнээс их эмч 2, бага эмч 6, сувилагч 5 ажиллаж байна. Харин бусад нь үйлчилгээний ажилтнууд байдаг. Эрүүл мэндийн стандартаар гуравдугаар шатлалын эмнэлэгт багтдаг, 7 ортой. Улсын төсвийн санхүүжилтээр 242 сая 179 мянган төгрөгийн төсөвтэй. Хэвтэн эмчлүүлэх хэсэг, амбулатори, эмийн сан гэсэн үндсэн 3 хэсэгтэй. 2010 онд авсан УАЗ пургон автомашинтай, 2012 онд УИХ-ын гишүүний багцаар  багийн эмч нар бүгд мотоцикльтой болсон. Эм, тарианы хувьд 2-3 сарын нөөцтэй байна. Тоног төхөөрөмжийн хувьд эхо, рентген аппарат, зүрхний цахилгаан бичлэг хийнэ. Шээсний болон цусны ерөнхий шинжилгээ хийж байна. Мөн хавдрын маркер, ходоодны маркер, элэгний В,С вирус илрүүлэх шинжилгээ, цагаан хорхойн лабораторийн шинжилгээ хийх бүрэн боломжтой.

 2014 оноос өмнө 11 ортой байсан. Одоо бол жишиг тогтоосноор 7 ортой болсон. Дорнод аймгийн хэмжээнд сум дундын 3 эмнэлэг ажилладаг. Тэд бүгд 7 ортой. Бид энэ түвшин, шатлалдаа тусламж үйлчилгээ үзүүлж ажиллах хүчин чадалтай. Хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд жилдээ 450-460 хүн хүлээн авдаг.

Өвчлөлийн хувьд амьсгалын замын томуу, томуу төст өвчин тэргүүлдэг. Хоёрт зүрх судасны өвчин, гуравт хоол боловсруулах өвчин зонхилж  байсан бол сүүлийн үед  2014 оны статистик үзүүлэлтээр Хятад мотоциклоос үүдэлтэй осол гэмтэл огцом нэмэгдлээ.Мөн хүмүүсийн болгоомжгүй байдлаас хүүхдийн түлэгдэлт нэлээд байна” хэмээн ярьсан юм.

Д.Өлзий

Связанные новости