Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлгийн шав тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-05-01 12:14:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Хангарьд-Улаанбаатар” ТББ, БНХАУ-ын Энхтайван найрамдлын сантай хамтран буцалтгүй тусламжаар Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг барихаар барилгын ажлыг эхлүүллээ.

Тус дүүрэг 36 мянга гаруй  хүн амтай. Дүүргийн нийт хүн амын 32 хувийг 0-15 насны хүүхэд эзэлдэг. Жил тутам 900 орчим хүүхэд шинээр мэндэлж байна. Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Иргэн бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэнэ” гэсэн том зорилт тусгасан. Энэ хүрээнд тус хүүхдийн төрөлжсөн эмнэлгийн барилгын ажлыг гүйцэтгэн ирэх аравдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр болжээ.

Дүүргийн ЭМН-ийн Хүүхдийн тасагт өнгөрсөн онд 1447 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна. Налайх Эрүүл мэндийн төв нь хүүхдийн түргэн тусламжгүй учраас хүүхдийн тасгийн хүлээн авахаар хоногтоо дунджаар 20-30 хүүхэд үзүүлж тусламж үйлчилгээ авдаг аж. Цаашид орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 50 ортой эмнэлэг байгуулснаар орны хүрэлцээ болон оношлогооны чадвар сайжрах,  хүүхдийн эмгэгүүдийн бусад салбар хөгжин хүүхдийг хот руу явуулах чирэгдэл багасах ач холбогдолтой юм.

Эмнэлгийн шав тавих ёслолд НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, “Хангарьд улаанбаатар” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаяр, нийслэлийн ЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, БНХАУ-ын ЭСЯ-ны зөвлөх элчин Ян Чин Дун болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Ж.Болор

Связанные новости