Бага жинтэй нярайн хагалгааны орчинг Монголд анхлан бий болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
gantuya@montsame.mn
2017-05-30 17:41:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2017 онд 150 сая төгрөгийн төсөвт өртөгтэй хэрэгжүүлэх JCI Монгол байгууллагын “SAVE LIFE” төслийн хоёрдугаар шат өнөөдөр ЭХЭМҮТ-д нээлтээ хийлээ. Энэ төслийн хүрээнд 0.5-3.5 кг жинтэй, 28 хоног хүртэлх настай нярайн мэс заслын орчинг Монголд анхлан бий болгохоор зорьж байна.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд “Монгол улсад мэндэлж байгаа нярай хүүхдэд хөгжилтэй орнуудын жишгээр эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх” үндсэн зорилготой “SAVE LIFE” төслийг JCI Монгол Байгууллагаас 2015 онд санаачлан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний тѳвтэй /ЭХЭМҮТ/ хамтран хэрэгжүүлж эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд “SAVE LIFE” төслийн нэгдүгээр шатыг ЭХЭМҮТ болон “Итгэл-Хавдаргүй Монгол Сан”-тай хамтран амжилттай хэрэгжүүлснээр ЭХЭМҮТ-д мэс заслын эмч нарын багийг орон нутагт ажиллах зориулалтын тээврийн хэрэгсэл, 1989 оноос хойш засвар хийгдээгүй байсан “Дутуу төрсөн нярайн эрчимт эмчилгээний тасаг”-ийг богино хугацаанд олон улсын стандартад нийцүүлэн иж бүрэн засвар хийж, орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр тоноглон тус тус хүлээлгэн өгсөн. Үүний дүнд 2016 онд Монгол Улсын түүхэнд анх удаа дутуу төрсөн нярайн эндэгдлийг 19.1%-аас 5.6% хүртэл бууруулсан буюу ойролцоогоор 200 гаруй хүүхдийн алтан амийг аварч чадсан байна. Төслийн хүрээнд “Итгэл-Хавдаргүй Монгол Сан” 1 сая еврогийн үнэ бүхий тоног төхөөрөмж,  ЭХЭМҮТ 40 сая төгрөг,  JCI Монгол байгууллагын гишүүд, тэдний удирддаг аж ахуйн нэгжүүдийн хандив 80 сая төгрөг хандивлажээ.

Өнөөдөр нээлтээ хийсэн “SAVE LIFE” төслийн хоёрдугаар шатны хүрээнд 0.5-3.5 кг жинтэй, 28 хоног хүртэлх настай нярайн мэс заслын орчинг Монгол улсдаа анхлан бий болгох бөгөөд өрөөний тохижилтыг стандартын дагуу хийж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглох юм. Төслийн энэ шатны үр дүнд бага жинтэй нярайн хагалгааны үеийн болон хагалгааны дараа гарах аливаа эрсдлийг бодитой бууруулж, төслийн нэгдүгээр шатнаас ахисан тооны хүүхдийн амь насыг аврах боломж бүрдүүлнэ гэж үзэж буй аж.
Н.Туяа
Связанные новости