Хепатитын В,С вирусын илрүүлэг шинжилгээ 20.6 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил нийслэлийн хэмжээнд өнгөрсөн зургадугаар сарын 15-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 52 мянга 334 хүн хамарч, 20.6 хувьтай байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд зорилтот бүлгийн буюу 40-65 насны иргэд үнэ төлбөргүй хамрах бөгөөд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн байх шаардлагатай юм. Эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамарсан иргэд харьяа хорооныхоо Өрхийн эрүүл мэндийн төвд хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээг хийлгэх боломжтой. Хепатитын С вирусын эерэг гарсан шинжилгээнд вирусын идэвхжил тоолох ажлыг хувийн хэвшлийн 20 лабораториор хийлгэх гэрээг байгуулан ажиллаж байгаа аж.
Ж.Болор