"Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр" өнөөдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-07-28 11:04:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн долдугаар сарын 28-ны өдөр буюу өнөөдөр "Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Манай улс энэ жил 7 дахь удаагаа эл өдрийг "Хепатитыг таслан зогсооё" уриан дор тэмдэглэж байна. 

Энэ удаа Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар баталсан "Вируст хепатитын дэлхийн стратеги 2016-2021"-ийн хепатитын вирусын халдварын тархалтыг таслан зогсоох зорилтыг дэлхий нийтэд хүргэн, улс орнуудын Засгийн газрын анхаарлыг татах, шийдвэр гаргагчид, иргэд, оролцогч талуудын хүчин чармайлтыг нэгтгэх чиглэлээр арга хэмжээг зохион байгуулах аж.

Манай улс нь вируст хепатитын тархалт өндөртэй улс орны нэг бөгөөд элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлдэг. Монгол Улсын Засгийн Газраас "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын анхаарлын төвд орсон байна. Тус үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа 40-65 насны иргэдийн илрүүлэг шинжилгээд зорилтот насны нийт хамрагдвал зохих хүн амын 40 орчим хувь буюу 230 мянга гаруй хүнийг хамруулаад байна. 

“Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан  өнөөдөр ХӨСҮТ-д иргэдэд үзлэг шинжилгээ хийж, мэдээлэл өгөхөөс гадна П.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлэгт “Иргэд үйлчлүүлэгч нарт зориулсан өдөрлөг” зохион байгуулна.

Мөн Тусгаар тогтнолын талбайд 11.00-13.00 цагийн хооронд иргэдэд дотор ЭХО, элэгний В, С вирусын түргэвчилсэн оношилгоо, ясны сийрэгжилт, биеийн ерөнхий үзүүлэлт, хооллолтын зөвлөгөөг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран зохион байгуулах юм.

Ж.Болор
Связанные новости