Хүүхдийг эхийн сүүгээр хооллох үзүүлэлт 47 хувь болж буурсан гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-08-07 15:38:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн улс орнууд 1992 оноос эхлэн жил бүр  8 дугаар сарын эхний 7 хоногт “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Эл өдрийг ЭМЯ, Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын алба 25 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Энэ хүрээнд "Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг хамтдаа дэмжих сайн дурын амлалт” түншлэлийн уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү уулзалт нь хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих эв санааны илэрхийлэл болгон “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих тунхаг”-т гарын үсэг зурах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дунд эхийн сүүгээр хооллолтыг дэмжиж ажиллах түншлэл, урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг бий болгох, бэхжүүлэх зорилготой.

Сайд А.Цогцэцэг энэ үеэр хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд манай улсад хүүхдийг эхийн сүүгээр хооллох үзүүлэлтүүд буурч байгаа нь сэтгэл зовоосон асуудал болж байна. 2000-аад оны эхэн үед 90 хүртэл хувьтай байсан эхийн сүүгээр дагнан хооллох үзүүлэлт 2010 онд 66.7 хувьд хүрч, 2013 онд 47 хувь болж огцом буурсан байна. Эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлт ингэж буурах болсон нь эхчүүдэд үзүүлэх гэр бүл болон ажлын байран дахь дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулж өгдөг бүтээгдэхүүний хууль бус импорт, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл бүхий зар сурталчилгаа нэмэгдсэн, цаашлаад нийгэмд ядуурлын түвшин тууштай буурахгүйн улмаас эхчүүд төрөөд удалгүй ажилдаа эргэн орохоос өөр аргагүй байдалд хүрэх зэрэг олон шалтгаантай  байна. Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль энэ 7 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжихтэй холбоотой олон чухал асуудлыг бид энэ хуулиараа зохицуулж, хэрэгжүүлэх юм. Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих асуудалд зөвхөн эхчүүд, эмч эмнэлгийн ажилтан үүрэг хүлээх биш, гэр бүл, хамт олон, ажил олгогч, хэвлэл мэдээлэл, сургалт эрдэм шинжилгээ, хүнсний импорт, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зэрэг бүхий л салбарын  оролцоо дэмжлэг чухал юм” гэв.

Уулзалтад  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МХЕГ, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ШӨХТГ, ДЭМБ, НҮБ-ийн Хүүхдийн Сан, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮХАҮТ, “Маркет гейт” ХХК, “Монгол эм импэкс” концерн, “Чирон” ХХК, “Абико” ХХК, “Нано интернэйшнл” ХХК, “Киндервелт монголиа” ХХК,  “Талх чихэр” ХК, “Гоёо” ХК, Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцов.  
Ж.Болор
Связанные новости