Ажиа Гэгээнтэн ЭХЭМҮТ-д шаардлагатай тоног төхөөрөмж гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-08-10 15:55:45
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Монгол Улсын эрүүл мэндийн салбарт туслалцаа дэмжлэг харамгүй үзүүлдэг “Энэрэл Нигүүлсэл Оюун Билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа Гэгээнтнийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өнөөдөр хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Тэрээр хэлэхдээ, “Монголын хүүхдүүд эрүүл мэнд, энх тунх өсөн бойжиход хувь нэмрээ оруулж байгаа таны буяны үйлсэд үргэлжилж талархаж явдгаа илэрхийлье” гэв.

Мөн энэ үеэр “Энэрэл Нигүүлсэл Оюун Билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа Гэгээнтэн ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн өргөтгөлд шаардагдах орчин үеийн технологид нийцсэн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл, хүчилтөрөгчийн нэгдсэн систем зэргийг хүлээлгэн өгсөн юм.

Энэ жил ЭХЭМҮТ эрчимт эмчилгээний бүх тасгууд, нярайн тасгийн бүх тоног төхөөрөмжийг шинэчилсэн байна. Ингэснээр өмнө нь эх орондоо эмчлэх, оншлох боломжгүй зарим асуудлууд шийдэгдсэн аж. Тухайлбал ургийн бага үеийн оношилгоог эх орондоо хийх бүрэн боломжтой болжээ. Ураг ямар нэг гажигтай байгаа эсэхийг тодорхойлдог анагаахын удам зүйн лаборатори бүрэн тоног төхөөрөмжтэй болж үйл ажиллагаа нь жигдэрчээ.

Ажиа гэгээн 2011 онд "Энэрэл Нигүүлсэл Оюун Билгийн Төв" ТББ-ыг хүүхдийн цусны эмгэг, хавдар туссан хүүхдүүдэд туслах, өндөр настан, нийгмийн эмзэг бүлэгт дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор нээж байжээ.

Ж.Болор
Связанные новости