Эмнэлгийн архитектур төлөвлөлт, хэтийн төлөвийн талаар туршлага солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-09-20 15:36:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам, Монголын Архитекторуудын Эвлэл, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Барилга, хот байгуулалтын яамтай хамтран “Эрүүл мэндийн төвүүд, клиникийн эмнэлгийн архитектур төлөвлөлт, хэтийн төлөв” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Монгол, Япон улсын эмнэлгийн барилгын архитекторууд болон манай Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүд хамтран өөрийн орны Эмнэлгийн барилгын зураг, төсвийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцож, харилцан туршлага судлах боломжтойгоороо онцлогтой.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг зөвлөгөөний нээлтэд оролцож үг хэлэхдээ, “Эрүүл мэндийн салбарт Дэвшилтэт техник, тоног төхөөрөмж нэвтрэхийн хэрээр Эмнэлгийн барилга байгууламжид тавигдах стандарт шаардлага улам бүр нэмэгдэж, Олон улсын жишигт нийцүүлэх хэрэгцээ шаардлага урган гарсаар байна.  Эмнэлгийн барилга байгууламж нь газардуулга,  агааржуулалт, хийн хангамж зэргийн нэгдсэн систем, цахилгааны 1,2,3-р зэргийн нөөц эх үүсгэвэр зэргээс эхлээд сувилагч дуудлагын систем, хаалга, үүд, шат хүртэл өвчтөн болон эмнэлгийн мэргэжилтэнд эрсдэлгүй, ая тухтай, аюулгүй орчинг бүрдүүлж байх шаардлагатай байдаг. Энэ хүрээнд  Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан  “Эрүүл мэндийн талаар төрөөс  баримтлах бодлого”-д Эмнэлгийн барилгын дэд бүтцийн стандарттай болох, инженер мэргэжилтэнг гадны хөгжингүй оронд сургах зорилтыг тусган ажиллаж байна. Өнөөдөр төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын ихэнх хувь  нь  1990-ээд оноос өмнөх барилга, байгууламжид үйл ажиллагаагаа явуулж, стандартын шаардлага хангахгүй байна. Иймд Монгол Улсад барьж буй эмнэлгийн барилгын зураг төслийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Олон улсын хэтийн төлөв, хөгжил дэвшлийн талаар санал солилцох, дэд бүтэц, барилга байгууламжийн болон эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бололцоог бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Ж.Болор
Связанные новости