Зүрх судасны өвчний эсрэг зөвхөн эмнэлгийн байгууллага биш бүх түвшинд хамтран ажиллах нь зүйтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-09-29 15:52:40
Улаанбаатар /МОНЦАМ Э/. Өнөөдөр тохиож буй “Дэлхийн зүрхний өдөр”-ийг “ тохиолдуулан П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн эмч нар Д.Сүхбаатарын талбайд  Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгууллаа.

Тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир хэлэхдээ, “Даралт ихсэлтийн гол хүндрэл бол тархины цус харвах, зүрхний шигдээс өвчин. Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд хүн амын өвчлөл эндэгдлийн тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин болж байна. Ялангуяа цусны даралт ихсэлтээс үүдсэн тархины цус харвалт, зүрхний шигдээсийн өвчлөл жилээс жилд нэмэгдэж залуужих хандлагатай байна. Үүний эрсдлийг бууруулахын тулд иргэдэд эрүүл мэндийн зөв мэдээлэл сурталчилгаа хийх, иргэн өөрөө эрүүл мэндийн хариуцлагатай байж, өөртөө хяналт тавьж чаддаг байх хэрэгтэй. Хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж буй зүрх судасны өвчний эсрэг зөвхөн эмнэлгийн байгууллага биш бүх түвшинд хамтран ажиллах нь зүйтэй” хэмээн онцлов.



Мөн тэрбээр, манай эмнэлэг өнгөрсөн тавдугаар сард ХААН банктай хамтран цусны даралт ихсэлтийн аяныг эхлүүлсэн. Энэ хүрээнд цусны даралтын мэдээлэл сурталчилгааг иргэдэд хүргэж, цусны даралтын үзлэг оношилгоо, эрт илрүүлэг үзлэг хийж байна. ХААН банктай хамтран өнөөдөр Баянгол дүүргийн 4-р хорооллын Баруун хүрээ салбарт цусны даралт хэмжих буланг нээлээ. Тус булан нийслэлийн ХААН банкны дөрвөн том төвд ажиллана гэдгийг хэллээ.


18-аас дээш насныхан өөрийн хэвийн даралтыг мэдэж авах хэрэгтэй бөгөөд 40-өөс дээш насанд зовиуртай эсэхээс үл хамааран жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамарч байхыг зүрхний эмч нар зөвлөж байна.

“Даралт ихсэлт нь зүрх судасны өвчлөл, цусны эргэлтийн тогтолцооны өвчний хамгийн гол хүчин зүйл болж байна. Ялангуяа цус харвалт, зүрх судасны бусад хүндрэлүүдийн үндсэн суурь нь хянах боломжтой даралт ихсэлттэй холбоотой. Мөн амьдралын буруу хэв маяг, зүрх судасны эрсдэлт хүчин зүйл болох жингийн илүүдэл, давсны хэрэглээ, өөх тосны өөрчлөлт нөлөөлнө. Зовиур, шинж тэмдэг, эрсдлийг эрт таньж мэдэх хэрэгтэй.  Залуу хүмүүст тохиолдож буй цусны даралт ихсэлтийн шалтгаан нь судасны гажгууд байхаас гадна хяналтгүй даралт юм. Тиймээс цэцэрлэг болон сургуульд байхаас нь эрүүл мэндийн боловсрол олгох шаардлагатай” хэмээн Улсын Гуравудгаар төв эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн эрхлэгч Ч.Гэрэлтуяа ярилаа.

Өдөрлөгт тус эмнэлэг, нийслэлийн зургаан дүүргийн эмч нар зүрхний даралт, цусны даралт үзэх, эрүүл хооллолт, эмийн зөв зохистой хэрэглээний талаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм. 
Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ
Связанные новости