“Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяныг энэ сард зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-10-06 17:24:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар/ГБХЗХГ/-аас “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяныг энэ сарын 9-20-нд хоёр дахь жилдээ зохион байгуулна.

Оюутан, залуучуудыг эерэг хандлагад уриалж, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг ойлгуулж, даатгалд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох болон эрүүл мэндийн зан үйлтэй холбоотой бусад мэдээ мэдээллийг хүргэх, үзлэг шинжилгээнд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох зорилгоор тус аяныг зохион байгуулдаг.

Өнгөрсөн жил энэ аяныг өрнүүлснээр олон эерэг үр дүн гарсан байна. Тухайлбал, шинээр 5435 оюутан эрүүл мэндийн даатгалд хамарч, залуучуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн олон ажил хийжээ. Тус аянд нийслэлийн болон орон нутгийн их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан залуус хамрагддаг.
Аяны хүрээнд оюутан залуус хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга зам, эрүүл мэнд нөхөн үржихүйн зан үйлийн талаарх зөвлөгөө мэдээлэл, залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн төрийн бодлого хөтөлбөрийн ерөнхий ойлголтыг авахаас гадна өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрт санал өгөх боломжтой. ГБХЗХГ-ын мэргэжилтнүүд 10 дугаар сарын 9-нд  Монгол Улсын Боловсролын Их Сургууль, 11-нд Отгонтэнгэр Их Сургууль, Монголын Үндэсний Их Сургууль, 12-нд: Их Засаг олон улсын Их сургууль, 13-нд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл-урлалын полтехник коллеж, 16-нд Техник технологийн дээд сургууль /МСҮТ/, 17-нд:  ХААИС-ийн 1,2,3 дугаар оюутны дотуур байр, 18-нд: ШУТИС-ийн 1,3,4 дүгээр оюутны дотуур байр, 19-нд МУИС, МУБИС болон ШУТИС-ийн 5 дугаар оюутны дотуур байранд, 20-нд Олон Улсын Улаанбаатарын Их сургууль болон Налайх дүүрэг дэх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутны дотуур байранд тус тус уг аяныг өрнүүлэхээр төлөвлөжээ.

Мөн орон нутгийн газар хэлтсүүд  дэх үйл ажиллагаатай төстэй байдлаар харъяа Их дээд сургууль, МСҮТ, коллежийн дотуур байруудад оюутны эрүүл мэндийн аяныг нэгэн зэрэг зохион байгуулна.

Д.Өлзий
Связанные новости