Гурван аймгийн иргэдийн элэгний С вирусыг үнэгүй тоолно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-10-16 14:17:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас баталсан “Элэг бүтэн Монгол” вируст гепатит болон элэгний өвчлөлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хаппи веритас” эмчилгээ оношилгооны төв Элэгний С вирусыг хөдөө орон нутагт үнэ төлбөргүй тоолохоор болсноо “Монгол ньюс” мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Мэргэжлийн эмч нар орон нутагт нь очиж  АНУ-д үйлдвэрлэсэн GENEXPERT бүрэн автомат төхөөрөмжөөр элэгний С вирусыг тоолох юм. Тухайлбал, энэ сарын 16-18-нд Архангай, 18-20-нд Өвөрхангай, 20-22-нд Баянхонгор аймагт тус тус ажиллах аж.
Тус төвийн маркетингийн менежер Н.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ, “Монгол Улсын хэмжээнд нийт хүн амын 30 хувь нь элэгний В,С вирусын өвчлөлтэй гэсэн статистик тоо бий. Манай төв элэгний өвчлөлийг бууруулах зорилготой энэ долоо хоногт эхний 500 хүнд В,С вирусын эмийг үнэгүй олгох юм. Иргэдээс хүсэлт их ирж байгаа тул цаашид хугацааг сунгах эсэхийг ярилцаж шийдвэрлэнэ” гэв.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
Связанные новости