Монголчуудын 20 орчим хувь нь архи хэтрүүлэн хэрэглэж буй судалгааны дүн гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-11-03 13:40:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Хатуулаг өндөртэй архины хэрэглээг бага хатуулагтай дарсны хэрэглээгээр аажим солих замаар дарсны зөв боловсон хэрэглээг нийтэд төлөвшүүлэх хэрэгтэй" хэмээн өнөөдөр болсон эрдэм шинжилгээний хурлын үеэр Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Само” институтын захирал Г.Оюун онцлов.
 
“Архидалт ба нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, дарсны зөв хэрэглээг төлөвшүүлье” эрдэм шинжилгээний хуралд эрүүл мэнд, анагаах ухаан, хууль сахиулах, хяналтын төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрлэл, худалдаа эрхдэгчдийн төлөөлөл оролцож илтгэл хэлэлцүүлэв.

Манай улсад согтууруулах ундаа, ялангуяа өндөр градустай архины хэрэглээ их байгаагаас нийгэмд үзүүлэх сөрөг үр дагавар, зам тээврийн осол, гэмт хэрэг өсөх, хүн амын эрүүл мэндэд хохирол учруулж буйг мэргэжилтнүүд хэлж байна.
 
Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Само” институтын захирал Г.Оюун: 
Согтууруулах ундааны хэрэглээг нэг тушаал шийдвэр гаргах эсвэл худалдааг нь шууд хориглох замаар зогсоох боломжгүй гэдэг нь өмнөх  20 жилийн туршлагаас харагдаж байна. Согтууруулах ундааны худалдаалалтыг шууд таслан зогсоосноор согтууруулах ундаа хэрэглэх иргэдийн тоо цөөрөөгүй харин ч эсрэгээр нэмэгдэж байгаа. Засаг төрөөс ямар ч арга хэмжээ авсан судалгааны дүнгээс харахад хатуулаг өндөр архины хэрэглээний түвшин буурахгүй байна. Тиймээс цаашид бид хүний хэрэглээг шууд хаах биш нэг хэрэглээг нөгөөгөөр солих замаар өөрчлөх боломжтой. Өөрөөр хэлбэл хатуулаг өндөртэй архины хэрэглээг бага хатуулагтай дарсны хэрэглээгээр аажим солих замаар дарсны зөв боловсон хэрэглээг нийтэд төлөвшүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Өндөр хатуулагтай архины үйлдвэрлэл, хэрэглээний зохисгүй талыг бууруулж, эсрэгээрээ бага хатуулагтай, хор хөнөөл, хүний сэтгэцэд нөлөөлөх хүчин зүйл багатай, боловсон зохистой хэрэглээг дэлгэрүүлэхэд чиглэсэн үе шаттай арга замыг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд монголчуудад дарсны хэрэглээний соёлыг төлөвшүүлэх, дарсыг хэрэглэх импорт, үнийн асуудалд ч уян хатан хандах хэрэгтэй.

АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш, анагаах ухааны доктор Т.Ганцэцэг: Архи хүний сэтгэл зүйд эерэг болон сөрөг нөлөө үзүүлдэг. Архийг уухад эхэн үедээ сайхан баяр хөөр, аз жаргалтай, гуниг гутралыг нь үгүй хийж, сэтгэл хөнгөлж буй мэт мэдрэмж төрүүлдэг. Ингэснээр хүмүүс стресс тайлах зорилгоор түлхүү хэрэглэж байгаа нь ажиглагддаг. Стрессээ тайлах гэж олон жил уусны дараа архийг зогсоох гэж бодсон ч донтсон байдаг. Нэгэнт өөрийнх нь сэтгэл зүй архинаас хамааралтай болсон учраас архийг өөрөө хүсээд ч шууд зогсоох чадваргүй болтол нь эзэмддэгээрээ аюултай. Хүмүүст хандаж хэлэхэд стрессийг тайлах зорилгоор архи мансууруулах бодис хэрэглэх нь эргээд таныг донтуулдаг учир өөр нэг өвчинд өөрийгөө татан оруулж буйг анхаарах хэрэгтэй. Архи таны эрүүл мэндийг хордуулаад зогсохгүй таны хайртай бүхнийг сэтгэцийн өвчтэй болгоно. Таны аз жаргал, хайртай гэр бүл гээд нандин бүхнийг тань үгүй хийнэ. Та архийг уудаг ч архи таныг зугуухан уусгаж, үгүй хийнэ. Ойролцоогоор 10-15 орчим жилийн дараа архинд донтдог гэсэн судалгаа байдаг ч сүүлийн үед 4-5 жилийн дотор донтох шатандаа ирж буй залуус олширсон. СЭМҮТ-өөс 1992 онд хийсэн судалгаагаар архинд донтох өвчлөл 10 дахин нэмэгдсэн дүн гарсан. Иймээс согтууруулах ундаанаас үүдсэн өвчлөл, нас баралтаас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх нь дан ганц эрүүл мэндийн салбарын ажил бус бүх салбарын оролцоо шаардлагатай.

НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, анагаах ухааны доктор П.Энхтуяа: Монголчуудын өдөр тутамд хэрэглэж буй архи согтууруулах ундаа нь эрүүл мэндэд эрсдэлтэй болохыг НЭМҮТ-өөс 2005-2013 онд хийсэн судалгааны үр дүн харуулж байна. Хүн амын 20 орчим хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Монголчуудын архины хэрэглээний түвшин өндөр байгаа нь хатуулаг өндөртэй архины хэрэглээтэй холбоотой. Энэ нь цагаан архины хэрэглээ гэсэн үг юм. Тиймээс бид хэв маягаа өөрчилж хатуулаг, спиртийн агуулга багатай, зөөлөн хэрэглээнд шилжих нь эрүүл мэндийн хувьд эерэг үзүүлэлт болно. Тиймээс нийт хүн ам цагаан архины хэрэглээнээс татгалзан зөөлөн градустай дарсны хэрэглээнд шилжих нь зүйтэй. Зөөлөн хэрэглээнд шилжинэ гэхээр манай залуус сүүлийн үед пивыг их хэрэглэж байна. Пивоны хатуулгийн хэмжээ бага боловч их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд зүрх судасны эрхтэн системд ачаалал өгдөг. Ялангуяа залуус өөрийн бие организмд эрсдэлгүйгээр ямар хэмжээгээр уух вэ гэдгийг тооцон хэрэглээгээ зөв сонгох хэрэгтэй.


Хурлаас гарсан эрдэмтдийн судалгаан дээр суурилсан шийдвэрийг холбогдох газруудад хүргүүлэх аж.

 
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
Связанные новости