Сүрьеэгээр өвчлөгсдийн 70 гаруй хувь нь 16-44 насныхан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-11-23 14:43:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад сүрьеэ, ялангуяа олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл нас баралт тулгамдсан асуудал болж буйг өнөөдөр "Bly sky"-д болсон "Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье“ сүрьеэгийн үндэсний сургалт хэлэлцүүлгийн үеэр эмч мэргэжилтнүүд онцлов.  
Хэлэлцүүлгийн үеэр сүрьеэ өвчин 1990-ээд оноос дэлхий дахинд сэргэж буй халдварт өвчний тоонд зүй ёсоор ороод байна. Дэлхийн  эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор 2016 онд дэлхий дээр 10.4 сая хүн шинээр сүрьеэгээр өвчилж, 1.3 сая хүн сүрьеэгийн улмаас нас барсан. Мөн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 580 мянган тохиолдол бүртгэгдсэнээс 45 хувь нь Энэтхэг, БНХАУ, ОХУ-д зонхилжээ.
Манай улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд насны бүлгээр авч үзвсэл 70 гаруй хувь нь 16-44 насны залуусын дунд тохиолдож байна. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд 53.5 хувь, эмэгтэйчүүд 46,5 хувийг тус тус эзэлж байгаа аж.



Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ "Дэлхий нийтэд анхаарал татаж байгаа нэг томоохон асуудал бол эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаа явдал юм. Хүн төрөлхтөнд учирч буй аюулын 3 дугаарт сүрьеэ өвчин зүй ёсоор орж байна. ДЭМБ, ОХУ-ын Засгийн газартай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 16-17-нд “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа” сэдэвт дэлхийн улс орнуудын Эрүүл мэндийн сайд нарын анхдугаар зөвлөгөөнийг Москва хотноо зохион байгууллаа.Сүрьеэ өвчин нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байгаатай холбогдуулан дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор НҮБ-ын ерөнхий ассамблейн 2018 оны чуулганаар уг асуудлыг хэлэлцүүлэх бэлтгэл ажил болж буйгаараа онцлог байв” гэв.
2016 оны байдлаар Монгол Улс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөлийн түвшингээр гуравдугаарт орж байна.
Сүрьеэгийн өвчлөл бүх насны хүмүүст ижил тархалттай байгаа ч 15-24, 25-34, мөн 65-аас дээш насны дунд өвчлөл илүү өндөр байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын дотор хүүхдийн сүрьеэгийн эзлэх хувь 3 жилийн дунджаар 10.6 хувь, 2016 онд 12.8 хувь болж өссөн байгаа нь анхаарал татсан асуудлын нэг болоод байгаа аж.
Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал
Связанные новости