Өвчний түүхийг цахим хэлбэрээр хөтөлж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-11-28 17:31:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллах үеэр E-health программ хангамжийн  нэвтрүүлэлтийн ажил газар дээрээ хэрхэн хэрэгжиж буйтай танилцлаа.

Тус эмнэлэг нь 2016 оноос эхэлсэн “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд нэвтэрч буй e-Health програмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн программ хангамжийн бааз эмнэлэг болон өнөөдрийн байдлаар 12 модуль, 460 гаруй функцыг ашиглаж байна. Ингэхдээ эмнэлгээр үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэж үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүлээгдэл чирэгдэлгүй түргэн шуурхай үзүүлэх цахим мэдээллийн горимыг бүрдүүлжээ.

Тодруулбал, үйлчлүүлэгч заавал эмнэлэгт ирж цаг авалгүйгээр эмнэлгийн хүлээгдлийн мэдээг realtime буюу тухайн агшинд эмнэлгийн цахим хуудаснаас харж үйлчлүүлэх кабинетын өдөр, цагийг сонгон утсаар захиалга авах боломжтой болсон. Мөн 2017 оны нэгдүгээр сараас эхлэн өвчний түүхийг цахим хэлбэрээр хөтөлж эхэлсэн бөгөөд өндөр хөгжилтэй орнуудын эмнэлэгт ашигладаг EMR (Electron medical reсord) системийг улсын эмнэлгүүдийн хэмжээнд анх удаа нэвтрүүлэн ажиллаж байна.  Эмнэлгийн бүхий л үйл ажиллагаанд ашиглаж буй e-health програмыг нэвтрүүлэхдээ ажлын хэсэг байгуулан ажиллаж, ЭМЯ-наас төслийн программ хангамжийн техникийн даалгаварт туссан үзүүлэлтээс давсан шинэ шийдэл модуль үүсгэн, эмнэлгийн ажилчдын гүйцэтгэлийн хяналт хийх, удирдлагын нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт, төлөвлөлтөд шаардлагатай цахим мэдээллийн урсгалыг бий болгож өдөр тутмын ажилдаа хэвшүүлэн ажиллаж байгаа аж. Эмнэлгийн үйл ажиллагааны e-health програмд лабораторийн 9 тоног төхөөрөмж, дүрс оношилгооны 17 аппарат тоног төхөөрөмжийг сүлжээнд холбож лабораторийн цахим систем болон дүрс оношилгооны PACS системийг ашиглаж байна.



Эмнэлгийн үйл ажиллагаанд цахим технологийг нэвтрүүлснээр цаг хугацаа хэмнэх, мэдээллийн давхардал арилах, үйлчлүүлэгчийн оношилгоо, шинжилгээний хариу эмчид очих хурд нэмэгдэх, өвчний түүхийг харах шаардлагатай эмч нар, хянах түвшиний мэргэжилтнүүд эмнэлгийн сүлжээний компьютерт өөрийн хэрэглэгчийн эрхээр нэвтэрч харах боломжтой, эдийн засгийн хэмнэлт гарах, эмч, эмнэлгийн ажилтны ажлын гүйцэтгэлийг хянах, дүгнэх боломжийг бүрдүүлэх, статистик тайлан мэдээг “тухайн агшин” төлөвөөр харах, хянах, үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан үүсэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг судалгаа шинжилгээ хийх цахим өгөгдлийн сан үүсэх боломж бүрдэж буйг энэ үеэр хэлж байв.
 
 
 
Связанные новости