Төрийн тусгай албан хаагчдын Нэгдсэн эмнэлэг бүрэн хүчин чадлаар ажиллах болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-12-14 14:55:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Б блок буюу хэвтүүлэн эмчлэх хэсгийн 10855 метр квадрат бүхий талбайтай байр үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн болжээ.

Тус эмнэлгийн хэвтэн эмчлэх байрны нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Эмнэлгийн байр ашиглалтад орсноор дотор, мэдрэл, хүүхэд, уламжлалт, мэс засал, гэмтлийн мэс засал, яаралтай болон эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээг үзүүлэх юм.
Эмнэлэг бүрэн хүчин чадлаар ажиллахдаа 240 ор бүхий 10 тасаг, 355 эмч, мэргэжилтэн жилд 7500-8000 үйлчлүүлэгчийг хэвтэн эмчилгээнд хамруулж, 2000-2500 хүнд мэс заслын тусламж үйлчилгээ, амбулаторийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн кабинет, оношилгооны болон лабораториор хоногт дунджаар 600 орчим, жилд 200 мянга орчим иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ гэдгийг эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор, дэд хурандаа Л.Баттөр хэллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ, “Миний бие ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа бүтэц орон тооны шинэ зохион байгуулалт хийж, барилга байгууламж, үйлчилгээний стандартыг хангасан тус эмнэлгийн эхний ээлж болох А блокийг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь эхэлж байсан бол өнөөдөр хэвтэн эмчлүүлэх байр ийнхүү ашиглалтад орж, эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллах болсонд сэтгэл хангалуун байна. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч сувилагч, эрүүл мэндийн ажилтан та бүхэн иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, эрүүл мэндийн орчин үеийн стандарт шаардлагыг бүрэн хангасан, чанартай, хүртээмжтэй, тусламж үйлчилгээ үзүүлэхэд илүү сэтгэл тавин ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна” гэв.
“Манай эмнэлэг нь харьяа дүүргийн хувьд Чингэлтэй дүүрэгт  байрладаг учраас тус дүүргийн иргэдэд мэс заслын яаралтай тусламжийг үзүүлнэ. Одоогоор эрүүл мэндийн даатгалтай бүх иргэдэд үйлчилж байгаа. Цаашид эмнэлгийн ачаалал эрс нэмэгдвэл төрийн албан хаагчдад үйлчилнэ. Нэг жилийн хугацаанд нийт 190 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад өвчтөний тоо нэг дахин ихэссэн үзүүлэлттэй байгаа нь эмнэлгийн хүчин чадал нэмэгдсэнтэй холбоотой. Эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасаг нээснээр шинээр хүүхдийн болон гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ” хэмээн Эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд дарга Т.Нарантуяа тодотгов.
Мөн тэрбээр Австри улсын Засгийн газрын 7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлд хамарч, эхний ээлжийн 2 сая еврогийн үнэ бүхий тоног төхөөрөмж энэ сарын 20-нд ирнэ гэдгийг хэллээ.
Түүнчлэн тус эмнэлгийн хамт олон “Тулгуур эрхтний гэмтлийн мэс засал, согог заслын төв” байгуулах зорилт тавин ажиллаж байгаа аж.
Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ
Связанные новости