Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал 62.9 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-12-19 09:42:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт очиж ажиллалаа.
Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орны ачаалал  энэ сарын 14-ний байдлаар 62.9  хувиар буюу 547-гоор нэмэгдсэн буюу 869 орон дээр 1416 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Насанд хүрэгсдийн орны 175 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөнүүдэд 342 ор тавьснаар хүүхдэд зориулж нийт 517 орыг нэмэлтээр гаргажээ. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийнхэний зүгээс өвчтөнүүдэд үзүүлж буй эмчилгээ үйлчилгээний хүртээмж, орны зохицуулалт, эм тарианы хангалт, эмч ажиллагсдын хуваарилалттай танилцаж, хэд хэдэн чиглэлд үүрэг даалгавар өглөө.
Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн хувьд мэдрэл, уламжлалт эмчилгээний насанд хүрэгсдийн тасгийг чөлөөлж хүүхдийн тасаг болгосон байна. Чингэлтэй дүүрэгт физик, уламжлалт эмчилгээ, хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэлт, эмч нарын болон эм тариа, уулзалтын өрөө зэрэг бүхий л нөөц бололцоогоо ашиглан өвчтөнүүдээ хэвтүүлжээ.
Дэд сайд Л.Бямбасүрэн хэлэхдээ, амьсгалын замын халдварт өвчлөл ихэсч байгаагаас үүдэн дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн. Ханиад томууны өвчлөлийн дийлэнхи хувийг хүүхдүүд эзэлж байна. Эмнэлгүүдийн хүүхдийн тасгаар орж үзэхэд ханиад томууны эхлэл үед хүндрэл нэлээд эрчимжих хандлагатай байгаа нь ажиглагдаж байна. Энэ өвчлөлийн үе шат гуравдугаар сар хүртэл хамгийн их ачаалалтай байдаг. ЭМЯ-ны шуурхай удирдлага болон салбарын зүгээс өнөөдрийн нөхцөл байдлын талаархи тодорхой ажлуудыг нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран хэрэгжүүлж байна. Цаашлаад урьтал үе буюу агаар дуслын замаар дамждаг амьсгалын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан удахгүй эхлэх сурагчдын амралтын үеэр үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар бага насны хүүхдүүдээ авч явахгүй байх, эцэг эхчүүд үр хүүхдүүддээ тавих анхаарлаа сайжруулахыг хүслээ гэж ЭМЯ-наас мэдээлэв.
Связанные новости