Охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудалд анхаарал хандуулахыг чухалчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-12-20 15:43:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, НҮБ-ын Хүн амын сантай хамтран "Охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх” зөвлөлдөх уулзалт зохион байгуулав.

Манай улсын хувьд эх, үрсийн эндэгдлийг багасгасан дэлхийн 10 орны тоонд багтдаг ч насанд хүрээгүй хүүхдийн жирэмслэлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал ихээхэн тулгамдсан, нэн даруй бодлогоор шийдвэрлэх, хамтран хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагатайг олон улсын байгууллагын төлөөлөл хэллээ. Хүүхдийн эрх, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд "Дан ганц охидыг буруутгах сөрөг хандлага нийгэмд байгаад эмзэглэдэг, эцэг, эхийн хараа хяналт сул, бэлгийн боловсрол, мэдлэг ойлголт сул, биеэ хамгаалах боломж бага зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр цагаасаа эрт ээж болох, хүчингийн гэмт хэргийн золиос болох магадлал ихтэй, хөвгүүд, эрчүүдэд ч хамааралтай асуудал гэдгийг ойлгож мэдрэмжтэй ажиллах хэрэгцээ шаардлага тулгараад байна. Мөн төр засгийн зүгээс энэ асуудалд анхаарал хандуулж, бодлогоор зохицуулж өгөх ёстой. Бэлгийн хавьталд орж буй бага насны хүүхдүүд санхүүгийн чадваргүй, аав, ээжээсээ бэлгэвчний мөнгө авах боломжгүй зэрэг шалтгаан бага насны охидын жирэмслэлт, бэлгийн замын халдвар тээх хүчин зүйл болж байна” гэдгийг судалгаа, жишээнд тулгуурлан харилцан санал, мэдээлэл солилцлоо.

Хүний эрхийн Үндэсний Комисс 2017 онд НҮБ-ын Хүн амын сантай хамтран охид, эмэгтэйчүүд, тэр дундаа эмзэг бүлгийн /насанд хүрээгүй, ядуу, тусгай хэрэгцээт, алслагдсан бүсэд амьдарч буй, бэлгийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй/ охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн асуудал, жендерт суурилсан хүчирхийллийн асуудлаар Монгол Улсын Засгийн газарт НҮБ болон түүний гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлэх зорилгоор холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийх ажлыг эхлүүлээд байгаа билээ.
Уг ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц зэрэг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болон бусад хууль тогтоомжоор баталгаажуулсан охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар ахиц дэвшил гаргах, энэхүү эрхийг нь баталгаатай эдлүүлэх, НҮБ болон түүний гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, тодорхой үр дүнд хүрэхэд холбогдох байгууллагуудаас авсан мэдээлэл, тайлан, судалгаанд дүн шинжилгээ хийж, үр дүнг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлд тусгаж, шийдвэр гаргагчдаар тодорхой арга хэмжээ авахуулах зорилготой юм.
Уузалтад төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөл, Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 аймаг дахь ажилтнууд оролцов.
 
Ж.Болор
Связанные новости