Ур чадвараараа бусдыгаа манлайлсан шилдэг залуу эмч нар тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-12-20 17:06:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Залуучуудын Холбооноос санаачлан зохион байгуулж буй оны шилдэг залуу эмч шалгаруулах “Үндэсний ирүүлийг сахигч” ёслолын үйл ажиллагаа өнөөдөр МЗХ-ны хүндэтгэлийн танхимд болов.

МЗХ-ны Эрүүл мэндийн байнгын хорооны дарга Ж.Амарсанаа, “Манай улсын эрүүл мэндийн салбарын ажиллах гол хүчийг залуучууд бүрдүүлж байгаа. Тийм учраас МЗХ-ноос залуу эмч нарынхаа хөдөлмөрийг үнэлж, цаашдынх нь ажилд урам нэмэх үүднээс Үндэсний ирүүлийг сахигч нарыг хоёр дахь жилдээ шалгаруулж байна. Эрүүл мэндийн салбарт зөвхөн эмч мэргэжилтнүүд төдийгүй нийгмийн эрүүл мэндийн талаас ч онцгой анхаарч, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажилд хүчин зүтгээсэй гэж хүсч байна” гэв.
“Үндэсний ирүүлийг сахигч”-д эрүүл мэндийн салбарт тасралтгүй 5-аас дээш жил ажилласан, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа  дутагдал гаргаагүй, ажил мэргэжлийн ур чадвараараа бусдыгаа манлайлан ажилласан, дотоод болон гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж оролцсон, нийгэм олон нийтийн ажилд идэвхтэй оролцогч, санаачлагч, зохион байгуулагч байх зэрэг шалгуур болзлыг хангасан 40 гаруй шилдэг эмч материалаа ирүүлжээ.
Үүнээс Эмгэг судлалын үндэсний төвийн Эмгэг судлаач эмч О.Энхээ, УНТЭ-ийн Чих, хамар, хоолойн ахлах зэргийн эмч О.Мөнгөнчимэг, Баянзүрх эмнэлэг ХХК-ийн Уушгины их эмч Д.Адьяасүрэн, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зүрх судасны их эмч Н.Баярмаа, Топдент эмнэлгийн Нүүр ам, согог заслын их эмч Х.Анхбаяр, Хаппи Веритас эмнэлгийн Дүрс оношилгооны их эмч П.Баярмаа, Ходоод, дотрын дурангийн их эмч С.Чанцалсүрэн, Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн Мэс заслын их эмч Н.Жанчив, Говь-Алтай аймгийн Лабораторийн их эмч Г.Эрхэмцэцэг, Бурхан Андууд эмнэлгийн Хүүхдийн зөвлөх эмч, АУ-ны доктор, Клиникийн профессор Н.Энхбаяр нар оны шилдэг залуу эмчээр шалгарч МЗХ-ны “Тэргүүний залуу эмч” цол тэмдгээр энгэрээ мялаав.

Мөн энэ жилийн нэгэн онцлог бол оны шилдэг залуу эмчийг шалгаруулах ёслолын ажиллагааг  “Үндэсний ирүүлийг сахигч” хэмээн нэрлэсэн явдал байлаа. “Ирүүлийг сахигч” гэдгийн “ир” гэдэг нь иртэй, уртай, хурц эрүүл хүний шинж гэсэн үг бөгөөд “Үндэсний ирүүлийг сахигч” гэдэг нь үндэснийхээ буюу ард түмнийхээ эрүүл энхийг сахигч болохыг бэлгэдэж буй аж.
 
Ж.Болор 

Гэрэл зургийг Н.Батбаяр
Связанные новости