Орон нутгийн иргэд 10-14 хоногт шинжилгээ бүрдүүлдэг нь чирэгдэлтэйг дуулгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-12-20 17:55:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн амбулаторийн тусламж, үйлчилгээний ачаалал, хүлээгдэл, иргэдийн сэтгэл ханамж, цахим үйлчилгээний бодит байдалтай газар дээр нь танилцан, зарим иргэдийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Тус эмнэлгийн амбулаториор өдөрт 100 гаруй хүн үйлчлүүлдэг бөгөөд тусламж, үйлчилгээ нь бүрэн цахимжсан, угтах үйлчилгээ, хөтөч сувилагчийн зохицуулалт жигдэрсэн, кабинетын үзлэг товлолын дагуу явж буйг эмч нар хэллээ. Амбулаторийн цахим самбараар иргэд үйлчлүүлэх ач холбогдолтой хэдий ч ачааллын улмаас ажиллахгүй байсан. Цахим самбарт дугаар авах утас байхгүй байгаа нь иргэдэд чирэгдэл учруулж байгаа аж. Амбулаторийн зарим тусламж, үйлчилгээний хүлээгдэл өндөр байгаа бөгөөд цусны дэлгэрэнгүй шинжилгээний хүлээгдэл 8 хоног, дурангийн шинжилгээний хүлээгдэл 2 хоног байна.  Хөтөч сувилагч нарын тусламж, үйлчилгээний талаар иргэдэд өгөх мэдээлэл, зөвлөгөө дутмаг байгаа нь иргэдийг бухимдуулах эрсдэлтэй тул цаашид анхаарч ажиллах хэрэгтэйг ажлын хэсэг зөвлөв.
Орон нутгийн иргэд 10-14 хоногийн хугацаанд шинжилгээ бүрдүүлж байгаа нь иргэдийг чирэгдүүлж байна. Иймд нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах талаар ЭМЯ-наас анхаарч ажиллана хэмээн тус яамнаас мэдээллээ. 
Связанные новости