Хүүхдийн шүдний өвчлөл тулгамдсан асуудал болоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2018-01-09 15:40:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн  хүүхэд, эцэг, эхчүүдэд шүд цоорох өвчнөөс хэрхэн сэргийлэх, хүүхдийнхээ шүдийг яаж зөв угаах талаар япон, монгол эмч нар зөвлөгөө өглөө.

Уг арга хэмжээг Японы ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэй Японы Токушима, Монголын эрүүл мэндийн хамтын солилцооны нийгэмлэг, Монголын шүдний мэргэжилтний холбоо хамтран зохион байгуулжээ. Тус цэцэрлэгийн 2-5 насны 500 гаруй хүүхдийг “Монгол хүүхдүүдийн шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх” төслийн хүрээнд сургалтад хамруулсан байна. Цаашид Япон эмч нар гурван сард нэг удаа монголд ирж, эдгээр хүүхдийн шүд эрүүл байна уу, эцэг, эхчүүд нь урьдчилан сэргийлэхэд хэрхэн анхаарч байгаад санаа тавьж байхаар болжээ.

Өнөөдөр Монгол Улсад  5-6 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 94 хувь, 12 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 84 хувь байна. Иймд хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал байгаа юм. Монголын хүн ам тэр дундаа хүүхэд, өсвөр үеийн дунд шүдний өвчлөл тулгамдсан асуудал болоод байна.

Хүүхдийн шүдний цоорол болон эрчим нь чих хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд, амь насанд аюултай эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлүүдийн шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь өвчлөлүүд, амьсгалын замын өвчлөлүүдийн дам шалтгаан болж байгааг эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа. Энэ хүрээнд ЭМЯ-наас хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарал хандуулан “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Д.Өлзий 
Связанные новости