Отрын бүс дэх жирэмсэн эх, өндөр настан, бага насны хүүхдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_tuul@montsame.mn
2018-01-22 09:17:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамнаас өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулж орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж байна. 
 
Улсын хэмжээнд цагаан зудтай ба цагаанаар зудархуу байгаа нийт 18 аймгийн 110 суманд жирэмсэн эмэгтэй 1986, нярай хүүхэд 782, 0-5 хүртэлх насны 17726 хүүхэд, 10066 өндөр настан, 5697 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Мөн отроор өвөлжиж байгаа айл өрхөд 62 жирэмсэн эмэгтэй, 48 нярай хүүхэд, 0-5 хүртэлх насны 594 хүүхэд, 526 өндөр настан, 138 хөгжлийн бэрхшээлтэй иргэд өвөлжиж байна. Аймаг, орон нутгийн эрүүл мэндийн төвүүд өөрийн аймаг, сумын отроор явсан болон тухайн нутаг дэвсгэрт оторлож яваа малчдад эмнэлгийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх, ялангуяа жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүд, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настанд үзүүлэх тусламж, үйлчилгээнд онцгой анхаарал хандуулж, эрүүл мэндийн байгууллагууд мэдээллийг тогтмол солилцон тэдэнд учирч болох эрсдэлээс сэргийлэх, заавар зөвлөгөө өгөх, хяналтыг тогтмолжуулж, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангажээ.

Түүнчлэн төрөх дөхсөн болон өндөр эрсдэлтэй жирэмсэн малчин эмэгтэйг амрах байранд амраах зохион байгуулалтыг хийж байгаа аж.  
Б.Туул
 

Связанные новости