Монголын сагсан бөмбөгийн холбоо ЦССҮТ-тэй хамтарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_tuul@montsame.mn
2018-03-02 13:44:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар бүрийн 3-нд болдог Цусаа бэлэглэх өдрийн хүрээнд Монголын сагсан бөмбөгийн холбоо ЦССҮТ-тэй хамтран ажиллахаар болсноо зарлаж санамж бичигт гарын үсэг зурав.

ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнбаяр энэ үеэр хэлэхдээ, “Сар бүрийн 3-ны өдрийг цусаа өгөх өдөр болгосноор донорын тоо нэмэгдэж, цус цусан бүтээгдэхүүний нөөц сайжирч байна. Манай төвтэй улсын болон хувийн хэвшлийн нийт 70 гаруй эмнэлэг гэрээтэй ажилладаг. Эдгээр эмнэлгийн цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангахын тулд өдөрт 100 гаруй донороос цус цуглуулах шаардлагатай. Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор цусаа өгсөн донорын тоо 140 гаруй мянгад хүрээд байна. Нэг хүний өгсөн цуснаас гурван төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Сийвэнгийн бүтээгдэхүүнийг хоёр жилийн хугацаанд, улаан эсийг 42 хоногт, ялтаст эсийн бүтээгдэхүүнийг 3-5 хоног хадгалдаг. Өөрөөр хэлбэл, ялтаст эсийн бүтээгдэхүүн дээр нөөц үүсгэх боломжгүй, тусгай захиалгаар хийдэг гэсэн үг. Харин улаан эс болон сийвэнгийн бүтээгдэхүүний нөөц жилээс жилд нэмэгдэж байна” гэлээ.

Энэ үеэр Худалдаа хөгжлийн банк, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо тогтмол цусаа өгдөг доноруудыг шагнаж урамшуулав. Түүнчлэн МСБХ-ны шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогт, Ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нарын холбооны тэргүүн Р.Батхуяг нар МУЗН-ийн “Шилдэг залуу” алтан медалийн эзэн боллоо. Мөн үеэр Ерөнхий боловролын дунд сургуулиудын багш нарын холбооноос  “Оюунлаг“ болон 48 дугаар сургуулийн 5-6 дугаар ангийн сурагчдын дунд зарласан “Цусаа бэлэглэхийн ач холбогдол” сэдэвт гар зураг, зохион бичлэгийн уралдааны эхний 10 байранд шалгарсан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргав.
Д.Сарантуяа
 
Связанные новости