Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт II чуулган энэ сарын 28-нд болно.
Энэхүү чуулганыг угтаж ЭМСЯ-наас санаачлан ХАХНХЯ, СЗХҮТ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 6 төрийн бус байгууллагын төлөөлөл, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, харъяа байгууллагуудын 40 гаруй төлөөлөл оролцсон “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замууд” зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад оролцогчдод “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилт”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө бид юу хийж чадах вэ?”, “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх нь” зэрэг мэдээллийг танилцуулсан юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллүүд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад тулгамдаж буй асуудлаа ярилцан, цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг саадгүй авах орчин бүрдүүлж, тэдний хэрэгцээнд нийцсэн хэлбэрээр зохион байгуулах, энэ чиглэлээр төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар болов.
Ж.Болор