Багш нар гурван талт хэлэлцээрийн биелэлтийг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunzaya@montsame.mn
2018-03-14 17:37:37
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос өнгөрсөн онд салбарын яам, УИХ, Засгийн газартай хэлэлцээрт орж цалинг  50 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргуулсан.

Гэвч тэд багшийн үндсэн цалин өнөөдрийг хүртэл нэмэгдээгүйд бухимдалтай байгаагаа илэрхийлж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн онд Засгийн газраас багшийн цалинг нэмүүлэх шаардлагыг хууль тогтоомжид тусгасны дагуу хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэж, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирүүлсэн төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттайгаар 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх саналыг авч холбогдох талуудын хэлэлцээг зохион байгуулан шийдвэрлэнэ гэсэн байна. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй аж. 

Багш нарт улирлын үр дүнгийн урамшуулал 15 хувиар олгодог байсан.  Энэ урамшуулал дээр  таван хувь нэмж энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн сар,сард нь олгоно гэсэн заалт гаргасан байна. Гэтэл одоо тухайн урамшууллыг олгохдоо цайны газар, биеийн тамирын заалыг түрээслэсэн мөнгөөр багш нарын урамшууллыг нэмнэ гэсэн ч түрээсийн мөнгө Төрийн сангийн дансанд ордог аж. Харин  нэгдүгээр сарын 1-нээс уг мөнгө  тухайн сургуулийн дансанд орох байтал одоог хүртэл ороогүй, тодорхойгүй байгаад багш нар бухимдаж үүнд хариу ирүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ илэрхийллээ.

Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн С.Санжмятав: " Багш нар өнгөрсөн оны 11 дүгээр сарын 13-ны өдөр улс орон даяар ажил хаялт зарласан. Засгийн газраас багшийн үндсэн цалинг 20 хувиар нэмэгдүүлэх дээр санал тохиролцсон учир ажил хаялтаа зогсоосон. Гэтэл одоог хүртэл ямар ч бодит шийдвэр гараагүй цалин нэмэгдээгүй нь багш нарын эрх ашгийг ноцтой зөрчиж байна” хэмээв. 

О.Мөнхжаргал
Связанные новости