У.Доёдын нэрэмжит Математикийн улсын олимпиад Дорноговь аймагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
gantuya@montsame.mn
2018-03-22 12:38:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гавъяат багш У.Доёдын нэрэмжит Математикийн 54 дүгээр Улсын олимпиад ирэх тавдугаар сарын 10-15-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотод болохоор бэлтгэл ажлыг хангаж байна.

Өнгөрсөн жил Булган аймагт зохиогдсон тус олимпиадын шилжин явах цомыг Дорноговь аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газрын төлөөлөгчид, “Доёд сан”-гийн ТУЗ-ийн гишүүд хүлээн авснаар энэ жилийн олимпиад Монгол Улсын Гавьяат Багш, профессор У.Доёдын нэрэмжит болохоор болсон юм.

Гавьяат багш У.Доёдын тухайд Дорноговь аймгийн уугуул бөгөөд МУИС-ийн физик математикийн факультет дүүргэж Москвагийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн манай урдаа барих математикчдын нэг. МУИС-ийн математикийн факультетад 50 жил математикийн багшаар ажилласан тэрбээр 1983 оноос Дидактикийн төвийн суурийг тавьж, 1990 оноос мэргэжлийн дидактикийн сургалт судалгааны төвийг байгуулалцаж, 2008 он хүртэл уг төвийг удирдаж байв. Өдгөө гавьяаныхаа амралтад гарсан У.Доёд багш, түүний үүсгэн байгуулсан “Доёд сан”-гийн Удирдах зөвлөлөөс оюуны бяр тэнхээ сорьсон энэхүү улсын хэмжээний  том наадмыг өндөр зохион байгуулалттай сайн явуулах тал дээр анхааран ажиллаж байна гэлээ.

Дашрамд дурдахад, жил бүр улсын чанартай 14 олимпиад болж, сурагчдын чансааг сорьдог билээ. 
Н.Туяа

 
Связанные новости