Монголд аутизмтай 18 мянга орчим хүн байх магадлалтай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunzaya@montsame.mn
2018-04-02 17:19:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна. Өдрөөс өдөрт аутизмын эмгэгтэй хүмүүсийн тоо олширч байгаа энэ үед мэдлэгээ дээшлүүлж, тэднийг ойлгон хайрлаж, хамтдаа урагш тэмүүлэн амьдрахыг Монголын Аутизм судлалын хүрээлэнгээс уриалав.

 Аутизм  бол өвчин биш. Аутизмын хүрээний эмгэг гэсэн албан ёсны нэршилтэй. Тархины үйл ажиллагаа саатах нэг төрлийн эмгэг буюу нийгмийн харилцааны бэрхшээл гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

Ийм эмгэгтэй хүмүүсийн 30 гаруй хувь нь хэл ярианы бэрхшээлтэй байдаг аж. Зарим нь сонсголгүй байх тохиолдол ч бий гэнэ. Эмгэгийн үүссэн шалтгаан нь дэлхий нийтэд тогтоогдоогүй бөгөөд бага насанд хийлгэсэн вакцинаас, генийн өөрчлөлт, хүнд металлын хордлого, удамшлаас шалтгаалах магадлалтай гэжээ. Тиймээс энэхүү өвчин нь насан туршид эдгэрдэггүй эмгэг бөгөөд ихэвчлэн хоёр настайгаас эхлэн мэдрэгддэг байна.

Манай улсын  хэмжээнд аутизмтай 18 мянга орчим хүн байх магадлалтай бөгөөд бүртгэлтэй 130 орчим хүүхэд бий гэдгийг албаныхан онцлов. Дэлхий нийтэд гаргасан тооцоогоор тухайн улсын нийт хүн амын 0.62 хувь нь аутизмын хүрээний эмгэгтэй байх магадлалтай гэж үздэг байна.

Аутизмын шинж тэмдгийн хувьд хэвшмэл дэг журам шаардаж, тогтсон үйл хөдөлгөөн, өвөрмөц зүйл хийж, сонин дуу авиа гаргах, ганцаараа байхыг эрмэлздэг аж.  Сургуулийн насны хүүхдэд хэл ярианы бэрхшээл, зожиг болох, хүний нүд рүү эгцэлж харахгүй байх зэрэг шинжээр илэрдэг байна.

Мөн хүүхэд аливаа асуудлыг хүндээр хүлээн авч бархирч орилох, тэрийж унах, өөрийнхөөрөө гөжих зэргээр ажиглагддаг бөгөөд  ийм тохиолдолд эцэг, эхчүүд мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

Төгс эмчилгээгүй эл өвчтэй хүүхдүүдэд хэл ярианы дасгал, хичээл заах, сэргээн засах эмчилгээг олон цагаар тусгайлан хийснээр тэднийг хөгжих боломжтой гэдгийг эмч нар хэлж байна.

Аутизмтай хүүхэд бүрийг хөгжүүлэхийн төлөө ээж, аавууд, холбогдох боловсролын байгууллагууд хамтран Аутизмыг таниулах сарын аян зарлажээ.
Б.Заяа

Связанные новости