Ц.Энхжаргал: Өнөөдрийг хүртэл хүүхдэд Д аминдэм уулгаснаас гарсан гаж нөлөө илрээгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-04-26 13:21:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл"-өөс судалгаа нэрийн дор ЕБС-ийн сурагчдад Д аминдэм албадан уулгаж буй нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан "Сүрьеэ өвчнийг Д витамины нөлөөгөөр урьдчилан сэргийлэх нь” эм эмнэлзүйн туршилт, судалгааны төслийг хэрэгжүүлэгч "Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ-ын гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн төлөөлөгч Ц.Энхжаргалаас  дараах мэдээллийг тодруулав.

-"Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл"-өөс судалгаа нэрийдлээр хүүхдүүдэд Д аминдэм албадан уулгаж байна. Монголын хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн Үндсэн хуулийг эрхийг зөрчиж байна хэмээсэн. Тэгэхээр танай байгууллага сүрьеэгийн эсрэг Д аминдэмийн судалгааг яагаад хийх болов?
 
-Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл /MHI/ байгууллага нь Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль болон Анагаахын сургуулийг түшиглэн 2005 онд албан ёсны эрхтэйгээр эрдэм шинжилгээ судалгааны нэгж статустай байгуулагдсан. Монгол Улсад олон улсын түвшний бодлогын судалгаа, сургалт болон инноваци нэвтрүүлэхээр төсөл хөтөлбөрүүд санаачлан хэрэгжүүлдэг. Бид Монгол Улсын хэмжээнд ноцтойд тооцогдож байгаа эрүүл мэндийн асуудалд түлхүү анхаарч, нийт хүн амын эрүүл мэндийг сайжруулахад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Харвардын стандартыг нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд Харвардын их сургуулийн эрдэмтэн багш нарын дэмжлэгээр Монгол Улсад Сүрьеэ өвчин, Д амин дэмийн дутагдал, болон бичил шим тэжээлийн дутагдлын тархалтыг тодорхойлсон.

-Энэхүү судалгааны төсөл хэзээнээс эхэлж хэрэгжиж байгаа вэ. Нийт хичнээн хүүхэд хамрагдаад байна. “Энэ туршилт нь монгол хүүхдийн оюун санаанд ноцтой нөлөө үзүүлж байна” гэснийг хэрхэн тайлбарлах вэ?

-2015-2019 оныг дуустал хэрэгжинэ. Манай байгууллага 2005 оноос хойш нийт 20-иод олон улсын түвшний судалгаа хийсэн. Эдгээр судалгаа нь сургуулийн үдийн цайны хөтөлбөр болон хүнс баяжуулалтын хуулийн төслийн үндсэн судалгаа болсон. Одоогийн байдлаар “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” гэсэн судалгааг нийслэлийн 6 дүүргийн 144 хувийн болон улсын сургууль, 21 аймгийн 71 сургуулийн 9814 хүүхдийн дунд хийж байна. Энэ нь дэлхийн сүрьеэгийн бодлогод нөлөөлөх боломжтой судалгаа юм. Олон жилийн судалгааны үр дүнд монголчууд нарнаас болон хоол хүнснээсээ хангалттай Д аминдэмээ авч чаддаггүй гэдэг нь батлагдсан. Хүн амын 99 хувь нь Д аминдэмийн гүн дутагдалтайг манай судалгаа баталсан. Судалгааны дагуу асран хамгаалагч нар болон оролцогч хүүхдүүдэд судалгаагаа танилцуулж  албан ёсоор зөвшөөрөл, гарын үсэг авч сайн дурын үндсэн дээр хийж буй судалгаа юм. Тиймээс Д витамин, вакцины туршилт гэж хэлж болохгүй. Нийт хүн амын дунд мөн буруу ойлголттой байна. Яагаад гэвэл бид судалгааг пиар хийж нийт хүн амд танилцуулдаггүй. Харин манай байгууллага судалгаанд оролцогчдын эцэг эх, ЭМЯ, ДЭМБ, Сүрьеэтэй  тэмцдэг байгууллага, БСШУСЯ, УИХ зэрэг холбогдох байгууллагуудад танилцуулдаг. Хүний эрүүл мэндийн асуудлыг нотолгоо баримтгүй сэтгэл хөөрлөөр буруу мэдээлэл түгээснээс болж манай судалгаанд оролцож байгаа эцэг эхчүүд хүүхдээ судалгаанаас гаргая гэж байна. Судалгаа гэдэг бол бүхэл бүтэн ложистикийн ажил, олон хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг. Мөн судалгаатай холбоотой  гаж нөлөө, судалгаатай холбоогүй гаж нөлөө гарч байна уу гэдгийг системтэй бүртгэдэг.

-Одоогоор судалгааны урьдчилсан дүн гарсан уу?

-Судалгааны хүрээнд манай баг 7 хоног тутам Д аминдэмийн бэлдмэлийг нэг бүрчлэн хүргэж өгөхийн зэрэгцээ улирал тутамд жингийн хэмжилт, жил тутамд өндөр, жин, уртын харайлт, гарын атгалтын хүч, BMI, ясны сийрэгжилт, ачаалал даах чадвар зэргийг хэмжиж, бүртгэдэг. Мөн Монгол Улсад анх удаа эдгээр хүүхдэд сүрьеэгийн халдварыг илүү үр дүнтэй илрүүлэх IGRA шинжилгээг хийсэн. IGRA шинжилгээ бол сүрьеэгийн далд халдварыг илрүүлдэг. Судалгааны урьдчилсан үр дүнгээр эдгээр хүүхдийн 10 хувь буюу 946 нь сүрьеэгийн далд халдвартай, 129 нь идэвхтэй сүрьеэтэй гэж оношлогдсон. Тэгэхээр энэ бол судалгаа биш идэвхтэй илрүүлэг болж таарсан. Судалгааны урьдчилсан дүнгээр нэг хүн сүрьеэгээр өвдөхөд  түүний гэр бүлийн гишүүдийн халдвар авах эрсдэл 4 дахин, дам тамхидалттай орчинд амьдардаг хүүхдүүдийн сүрьеэ өвчнөөр өвдөх магадлал 40 хувиар тус тус нэмэгддэг болох нь нотлогдсон. Сүрьеэгийн тархалт өндөр байгаа нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол ядмаг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ муу байгаатай холбоотойгоос гадна агаарын бохирдол, тоосжилт, хүнс тэжээл аминдэмийн дутагдал зэрэгтэй шууд холбоотой юм. 

-Цаашид энэ судалгаанд  ЕБС-ийн бүх хүүхдийг хамруулах уу?

-Судалгааг монголын бүх хүүхдийн дунд явуулах ёстой. Яагаад гэвэл хүүхдүүд багш, эцэг эхчүүд, бие биеэсээ  сүрьеэгийн халдвар авах эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна.

-Судалгаанд эрүүл хүүхдүүдийг хамруулсан гэж байсан. Энэ талаар тодруулбал?

-Хэрвээ судалгаа хийгээгүй бол 946 хүүхдийг далд халдвартай байсан гэдгийг хэн ч сэжиглэхгүй, эдгээр 129 хүүхэд оношлогдохгүй байх байсан. Одоо эдгээр хүүхдийг ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Шинжилгээ судалгааг мөнгө санхүүгийн боломжгүй учраас манай улсад хийх боломжгүй байсан. Хэрвээ MHI байгууллага судалгааны грант бичээгүй бол, Д аминдэмийн судалгаа хийгээгүй бол манай улс судалгааны төслийг хэрэгжүүлэх боломжгүй байлаа. Харин энэ судалгааг Хятад, Орос болон өөр бусад ямар ч улсад хийж болно. Харвардын Анагаах Ухааны их сургууль, Харвардын Нийгмийн Эрүүл мэндийн их сургуулийн багш  Д.Ганмаа  доктор байгаа болохоор манай улсыг сонгосон.

-Хурлын үеэр Д аминдэм ууснаас хойш өмнө нь сэргэлэн цовоо, эрүүл саруул байсан хүүхдийн уушги өвддөг болсон гэж байсан. Тэгвэл танай байгууллагад өөр ямар нэгэн гомдол ирсэн үү?
 
-Тухайн байгууллагатай бид холбогдож тодруулсан. “Эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-ийн дэд тэргүүний эгчийнх нь хүүхэд юм билээ. Тэд манай судалгааны талаар мэдээлэл байхгүй учраас олон нийтэд хандан хэвлэлийн хурал хийснээ хэлсэн. Энэ нь иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагын дунд  нийгмийн эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл муу байгаа нь харагдаж байна. Өнөөдрийг хүртэл хүүхдүүдэд Д аминдэм уулгаж байгаатай холбоотой ямар ч гаж нөлөө илрээгүй. Тэгэхээр тэдгээр хүмүүсийн ярьж буй асуудал үндэслэлгүй. Энэ бүхнийг шинжилгээгээр нотолсон байх ёстой. Манай судалгаанд хамарч байгаа хүүхдийн эцэг эхчүүд бидэнд маш сайхан урмын үг хэлдэг. Энэ судалгаанд хамарснаар хүүхэд маань өвөл ханиад хүрсэнгүй, өсөлт, ой тогтоолт, анхаарлын түвшин сайжирч, сэтгэл санаа нь тайвширч, хөлрөлт нь багасч байна гэдэг. Эмчээр батлуулаагүй байж олон нийтийн анхаарлыг хандуулах гэж ийм мэдээлэл түгээж байгаад харамсч байна.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал
 


Связанные новости