ЕБС-ийн сурагчдад туршилт хийсэн гэх ташаа мэдээллийг үгүйсгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2018-04-27 13:57:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Монгол ньюс”  мэдээллийн төвд “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл” ТББ”-аас  ЕБС-ийн сурагчдад туршилт хийж байна гэж ямар ч үндэслэлгүй мэдээлэл тараасан талаар “Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Уянга тэргүүтэй хүмүүс залруулга хийж үйл ажиллагаагаа танилцуулав.
Шинжлэх ухааны үндэслэлгүй, гүтгэлгийн чанартай мэдээллийг олон нийтэд түгээсэн талаар тус байгууллагын Гадаад харилцаа хэвлэл мэдээллийн төлөөлөгч И.Энхжаргал болон бусад холбогдох хүмүүс онцолж байв.  
Тухайлбал, Гүйцэтгэх захирал Б.Уянга “Манай байгууллага нь Харвардын анагаахын их сургуулийн эрдэм шинжилгээний нэгж байгууллага юм. 2004 оноос эхлэн Д /D/ витаминтай холбоотой нийтдээ  20  гаруй судалгааг олон улсын түвшинд хийсэн. Одоо хийж байгаа судалгаа бол  6-13 насны  9814 сурагчдыг  оролцуулаад Сүрьеэгийн далд халдвараас урьдчилан сэргийлэх  Д амин дэмийн нөлөө судалгааг Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хороо, АШУҮИС-ийн эрдмийн зөвлөл, Харвардын их сургуулийн ёс зүйн хорооны албан ёсны зөвшөөрөлтэй хийж эхэлсэн. 2015 оны тавдугаар сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн яамны яамны ёс зүйн хорооноос зөвшөөрөл авсан. Анх судалгааны ажлыг эхлүүлэхдээ бид судалгаанд хамрагдах хүүхдүүдийн  эцэг эхэд судалгааны талаар танилцуулж албан ёсоор зөвшөөрөл болон гарын  үсэг авч сайн дурын үндсэн  дээр эхлүүлсэн.  Хүний биеийн  дархлааг дэмждэг Д аминдэм нь амьсгалын замын  хурц халдварт өвчин болон сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлдэг тул сүрьеэтэй тэмцэх эдийн засгийн хувьд хэмнэлттэй, эрүүл мэндэд хор нөлөөгүй арга. Судалгаанд оролцогч хүүхдүүдэд Д аминдэмийг туршсан хэрэг огт биш. Д аминдэм нь сүрьеэгээс  сэргийлэх олон улсын туршлага нь Монгол хүүхдүүдэд ямар тун, ямар хэмжээгээр уувал тохиромжтойг судалж байна” гэв.



“Монголын эрүүл мэндийн үүсгэл” ТББ-ын Гадаад харилцаа хэвлэл мэдээллийн төлөөлөгч И.Энхжаргал “Бидний судалгаанд ашиглаж байгаа Д аминдэм нь  АНУ-ын Тишкон корпорацид үйлдвэрлэсэн. Тус Д аминдэмийн идэвхт бодисын тун байх ёстой хэм хэмжээндээ тохирсон, баталгаат хоёр жилийн хугацаандаа үйлчилгээ үзүүлнэ гэдэг чанарын баталгааг  бие даасан олон улсын тусгай лабораториор баталж гаргаж өгдөг.  Хүний биед ямар ч сөрөг нөлөө байхгүй. Энэ судалгаанд хамрагдсан 6-13 насны 9814 хүүхэд сүрьеэгийн далд халдварын шинжилгээнд хамрагдсанаас 946 нь далд халдвартай гарсан. Эдгээр бүх хүүхдүүдийг судалгааны багтай хамтраад сүрьеэгийн үзлэг, нарийн шинжилгээ  хийхэд 129 хүүхэд  идэвхтэй    сүрьеэтэй гэж оношлогдоод  зарим хүүхдүүд нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж, зарим нь тухайн дүүргийнхээ эмнэлэгт  эмчилгээ хийлгэсэн байдаг. Харин үлдсэн 700 гаруй хүүхдүүд хяналтад  байгаа. Эдгээр хүүхдүүдийг долоо хоног бүр ханиад хүрсэн үү?, жин буурсан уу? гэх сүрьеэгийн илрүүлгийн асуумжаар хяналт, урьдчилан сэргийлэлт байнгын идэвхтэй илрүүлгийг тогтмол хийж ирсэн” хэмээн ярьсан юм.

Тэд судалгааны талаар худал ташаа мэдээллийг олон нийтэд цацаж, ард иргэдийг төөрөгдүүлж судалгааны ажилд ноцтой хохирол учруулж байгаа “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл” ТББ-ыг бид зохих хууль ёсны  байгууллагад хандана гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

Д.Өлзий
Связанные новости