Цахим мэдээллийн нэгдсэн сүлжээг орон нутагт туршив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-04-30 11:56:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ хамтран Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Булган аймгийн эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналтын  байгуулагуудын мэргэжилтнүүдийг хамруулсан “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой  байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах тухай ” сургалт, дадлага сургуулилтыг Дархан-Уул аймагт зохион байгууллаа. 
Сургалт, дадлага сургуулилтыг нээж Шадар сайдын Ажлын албаны дарга Л.Саянаа  хэлэхдээ “Монгол Улсын Шадар сайд, Байнгын ажиллагаатай зөвлөлийн даргын тушаалаар “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой  байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам” батлагдсанаар хүн, мал, амьтны халдварт өвчний дэгдэлт, байгалийн гамшиг, олныг хамарсан осол, гэмтэл, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд хүргэж болзошгүй үйл явдлын мэдээг солилцон, эрсдлийн үнэлгээ хийж, шийдвэр гаргагчдыг бодит мэдээллээр хангах, бэлэн байдал, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад бид бүхний өдөр тутмын ажилд удирдамж болох маш чухал баримт бичигтэй боллоо. Засгийн газрын 2015 оны 416 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөө”-ний дагуу харилцан мэдээ, мэдээлэл солилцож, хариу арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхэд энэхүү журмыг дагаж мөрдөх юм” гэлээ.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, “Шадар сайдын тушаалаар баталсан шинэ журмыг хэрэгжүүлэхэд ажлыг гардан гүйцэтгэж байгаа албан хаагчдын мэдлэг, мэргэжил, ур чадвар нэн чухал учраас энэ удаагийн сургалт, дадлага сургуулилтаар нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд хүргэж болзошгүй үйл явдлын мэдээг салбар хооронд шуурхай солилцож, эрсдлийн түргэвчилсэн болон явцын үнэлгээг салбарууд нийтлэг аргачлалаар хамтарч хийх, хариу арга хэмжээг эрсдэлийн түвшинд тохируулан шуурхай зохион байгуулах чадвар эзэмших явдал юм” гэв.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү сургалтыг дүгнэж хэлэхдээ, “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэй зохион байгуулсан энэ удаагийн дадлага сургалтад хамарсан орон нутгийн мэргэжилтнүүд салбар хоорондын бүх түвшинд нэгэн зэрэг мэдээллийг цахимаар хүлээн авч, мэдээллийн нэгдсэн сантай болж, эрсдлийн мэдээлэл харилцааг салбар дунд, салбар хооронд, хүн ам, хэвлэл мэдээллийн байгууллагуудын түвшин бүрт зохицуулалт хийх талаар тодорхой  мэдлэг чадавх эзэшиж авсан нь ихээхэн ач холбогдолтой байлаа” гэв.
 
 

Связанные новости