Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 65 байгаа нь эмэгтэйчүүдээс даруй 9.5 жилээр богино

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2018-05-08 14:08:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүдээс гадна иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрэгтэйчүүдийн эмнэлгийн эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид оролцов.

Монгол Улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт 65 байгаа нь эмэгтэйчүүдээс даруй 9.5 жилээр богино үзүүлэлт аж. Түүнчлэн эрэгтэйчүүд элэг, уушгины хорт хавдраар нас барах нь эмэгтэйчүүдээс 8.2-11.3 хувиар их байна гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд танилцууллаа.

ЭМЯ-ны Урологи, Андрологийн салбар зөвлөлийн дарга, анагаах ухааны доктор, профессор Д.Нямсүрэн, “Монгол Улсад жилд дунджаар 17 мянга гаруй хүн нас барж байгаагийн 62 хувь нь эрэгтэй байна. Эрэгтэйчүүдийн нас баралтын 33.1 хувийг зүрх судасны тогтолцооны өвчин эзэлж байгаа бол 25.6 хувь хавдраас үүдэлтэй. Түүнчлэн  20-45 насны эрэгтэйчүүдийн 80 хувь нь түрүү булчирхайн үрэвсэлтэй гэсэн судалгаа бий. Гэхдээ энэ нарийвчилсан судалгаа биш. Монгол Улсад эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлаар нарийвчилсан судалгаа байхгүй байна. Тиймээс төрийн зүгээс эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарсан судалгаа боловсруулах шаардлагатай” гэлээ.
Монгол эрчүүдэд гол төлөв архаг ядаргаа, органик бус нойргүйдэл, архинд донтох эмгэг, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал ихээхэн тохиолдож байгааг СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл онцолсон. Мөн тэрбээр байгууллага, хамт олон, гэр бүлд жендерийн тэгш байдлыг хангасан эрүүл мэндийг дэмжих хөдөлгөөн өрнүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл сургалт сурталчилгааг оновчтой арга хэлбэрээр, тасралтгүй зохион байгуулах нь чухал байгааг дурьдлаа.
Мөн үеэр анагаах ухааны доктор Э.Одхүү монгол улсын нийт эрчүүдийн 7.5 хувь нь үргүйдэлтэй байгааг онцлоод үүнд тамхи, архины хэрэглээ, химийн хорт нэгдэл, бэлгийн замын халдарт өвчин ихээхэн нөлөөлж байна хэмээв.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Г.Сүхжаргалмаа "Өрх гэрийн ноён нуруу, улс орны сүр хүч болсон эрчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдлыг тал талаас нь ярилцаж, цаашид жендерийн мэдрэмжтэй, бодлого төлөвлөлттэй үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай. Бид өнгөрсөн хугацаанд эмэгтэй хүүхдээ сурч боловсроход нь анхаараад, эрэгтэй хүүхдээ хар ажил хийлгэсээр орхигдуулж ирсэн" гэлээ.

Ч.Ариунболд
Связанные новости