Манай улс 100.000 хүн амд ногдох цус харвалтын тохиолдлоор дэлхийд нэгт бичигджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-05-17 14:19:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Өнөөдөр тохиож буй “Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг энэ жил “Цусны даралтаа хянаж сурцгаая” уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд Д.Сүхбаатарын талбайд Нийслэлийн ЗДТГ, НЭМГ, “Оном сан”-гаас хамтран ‎“Цусны даралтаа хянаж сурцгаая” эрүүл мэндийн өдөрлөг зохион байгууллаа.

Дэлхий дахинд жил бүр 18 сая хүн зүрх судасны өвчнөөр нас барж буй бөгөөд эдгээр нас баралтын талаас илүү буюу 9.4 сая нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй байна. Хүн амын төвлөрөл, хотжилт болон бусад олон хүчин зүйлстэй холбоотой дэлхий дахинд халдварт бус өвчний тохиолдол 2000 оноос хойш тасралтгүй өсч, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон төдийгүй энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Ялангуяа зүрх судасны өвчний шалтгаантай нас баралтын 45 хувь, цус харвалтын шалтгаант нас баралтын 51 хувь нь цусны даралт ихсэлтээс үүдэлтэй аж.

НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар хэлэхдээ, “Дэлхийн төдийгүй Монголын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчлөл, тэр дундаа цусны даралт ихсэлттэй шууд холбоотой. Манай улс 100.000 хүн амд ногдох тархины цус харвалтын тохиолдлоор дэлхийд нэгдүгээрт бичигдэж буй нь дэлхийн дунджаас даруй дөрөв дахин их байгаа юм. Зүрх судасны өвчнөөр нас барж буй 2 хүний нэг нь цусны даралт ихдэлтийн улмаас нас барж байна. НЭМҮТ-өөс 15-65 насныхны дунд цусны даралт ихсэх өвчний судалгааг явуулахад 27-28 хувь нь цусны даралт ихдэлттэй хэмээн гарсан. Тэдний 70 хувь нь цусны даралт ихэсдэг өвчтэй гэдгээ мэддэггүй, эмчийн хяналтад ордоггүй байна. Өнөөдөр анагаах ухаан цусны даралт ихдэлтийг бүрэн хянах боломжийг бидэнд өгч, цусны даралтын улмаас хүндэрч нас барахгүйгээр амьдрах боломжийг олгосон атал бид хариуцлагагүй хандаж байна. Тиймээс иргэд цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүндрүүлэхгүй байхад өөрийгөө сургаж, бэлтгэх хэрэгтэй” гэв.


НЭМГ-ын хэлтсийн дарга О.Энхзаяа, “Иргэд өөрийн цусны даралтын хэмжээг мэддэггүй, хэмждэггүй, би залуу хүн юм чинь даралт ихсэх ёсгүй хэмээн явж байтал цусны даралт нь ихэсдэг тохиолдол их бий. Энэ нь тархинд цус харвах, зүрхний шигдээс өвчинд хүргэх гол эрсдэл болсон. Дэлхий дахинд цусны даралтын хэвийн хэмжээг 130/80 хэмээн үзэж байна. Хэрвээ дээд даралт 130-аас дээш бол цусны даралт ихсэх өвчтэй гэж үзэж болно. Иргэд тогтмол цусны даралтаа хэмжиж, хянаж байх хэрэгтэй. Ингэснээр цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Цусны даралт ихсэх өвчин нь хөдөлгөөн, уур бухимдал, буруу хооллолт, таргалалтаас шалтгаалдаг учраас иргэд эрсдэлт хүчин зүйлээс өөрийгөө хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй” гэв.



Өдөрлөгт Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв болон Сонгдо, Интермед, Грандмед, Мөнгөн гүүр, Номун зэрэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч мэрэгжилтнүүд иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох олон талт сургалт зөвлөгөө, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хийж байна.

Нийслэлийн ЗДТГ, НЭМГ, “Оном сан”, Швейцарь улсын “Новартис сан” хамтран "Эрүүл зүрх-Эрүүл хот" хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэлийн иргэдэд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ тэр дундаа, цусны даралт ихсэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажил чанартай, хүртээмжтэй болохын зэрэгцээ Улаанбаатар хот “Цусны даралт ихсэлтийг амжилттай бууруулж, хянаж чадсан” жишиг хот болж, дэлхийн бусад хотод үлгэрлэх боломж бүрдэх аж.
 
Өдөрлөгийн үеэр энэхүү төслийн хүрээнд анхдагч загвар Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс бусдыгаа манлайлж, сайн ажилласан зарим ӨЭМТ-ийг шагнаж урамшууллаа. Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ӨЭМТ-үүдийг цусны даралт хэмжих автоматжуулсан аппаратаар хангах ажлын хүрээнд өнөөдөр төлөөлөл болгож Хан-Уул, Чингэлтэй дүүргийн ӨЭМТ-д уг багаж хэрэгслийг гардуулсан юм.  
 
  
Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ
 
 
 

Связанные новости