Эрт илрүүлэх нөхцөл бүрдээгүйгээс хорт хавдрын өвчлөлөөр Монгол Улс дэлхийд тэргүүлж байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-05-29 17:37:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулсан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-д ажиллав.

Эхлээд УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч М.Билэгт эмнэлгийн удирдлага, эмч нарт УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын санаачилсан энэхүү хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд тус эмнэлэгт ажиллаж байгааг танилцууллаа.
Хүн амыг, ялангуяа зорилтот бүлгийн хүн бүрийг  урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаар хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх шаардлага байгааг үндэслэн дээрх хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Төсөлд хорт хавдрыг эрт үед нь илрүүлэхэд чиглэсэн дэд бүтэц болон иргэдийг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах тогтолцоог бий болгож, зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлснээр хорт хавдрын шалтгаант нас баралтыг 35-60 хувиар бууруулж, нийт хорт хавдрын өвчлөлийн 75 хувийг эрүүл мэндийн байгууллага хяналтдаа авах боломж бүхий зохицуулалтыг тусгажээ.
Тус төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн статистик үзүүлэлт бүхий танилцуулга, мэдээлэл хийж, элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын өвчлөл болон нас баралтаар Монгол Улс дэлхийд тэргүүлж байгааг  мэдээлэлдээ онцлов.

Эрт илрүүлэх нөхцөл боломж бүрдээгүйгээс ийм байдалд хүрч буй бөгөөд эрт илрүүлж чадах уу гэдгийг томоор харахаас өөр аргагүй болсныг хэлээд төр, засгаас улсын хэмжээнд шаардлагатай дэд бүтэц бий болгож, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог хийснээр энэ боломж бүрдэнэ гэдгийг тэрбээр тайлбарлалаа.
Өнөөдрийн байдлаар хорт хавдраар өвчилсөн нийт хүмүүсийн 80 хувь нь хожуу үе шатандаа оношлуулж, онош нь тодорхой болсон иргэдийн 60 хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд нас бардаг аж. Түүнчлэн, хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 90 хувь нь 45-59 насныхан гэсэн үзүүлэлт гарчээ.
Хорт хавдрыг эрт илрүүлэхийн ач холбогдлын талаар хүний амь аврагдахаас гадна эдийн засгийн асар их хэмнэлт гарна гэж ерөнхий захирал Ж.Чинбүрэн хэлэв. Тухайлбал, элэгний хорт хавдраар өвчилсөн нэг хүнд мэс засал, хими, туяа эмчилгээнд 12,3 сая төгрөгийн зардал гардаг бол эрт илрүүлгийн үзлэгт 50 мянган төгрөг зарцуулах тооцоог гаргажээ. Элэгний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгийг амжилттай хэрэгжүүлбэл 2030 он гэхэд нас баралтыг 35 хувиар бууруулах боломжтой болох юм байна.

Тус төвийн барилгыг 1982 онд ашиглалтад оруулжээ. Бороо ороход дөрөвдүгээр давхрын дүрс оношилгоо, өвчтөний өрөөнд дээврээс шууд ус алддаг.  Эмнэлгийн барилгад 5000 мкв өргөтгөл хийх гэж 7 жилийн өмнөөс эхэлсэн ч ажил хариуцсан хувь, хувьсгалын байгууллагуудын уялдаа, хариуцлагагүй байдлаас болж одоо хүртэл бүрэн дуусаагүйг ерөнхий захирал хэллээ.
Түүнчлэн, химийн эмчилгээнд шаардлагатай эмийн төсөв тун чамлалттай, эмчилгээ, оношилгооны гурван ч тоног төхөөрөмжийг эмнэлгийн өрөөний талбайн хомсдолоос шалтгаалж суурилуулж чадахгүй байгаа зэрэг тулгамдсан асуудлаа танилцуулсан юм. Төвийн хажууд хавдрын эмнэлгийн орчин үеийн стандартаар, хувийн эмнэлгийн зориулалтаар ашиглахаар барьсан, одоо гүйцэтгэл нь 80 хувьтай барилга байгааг улс авч, ашиглах нь хорт хавдар өвчинтэй тэмцэхэд алтан боломж болно гэдгийг мөн мэдээлэлдээ онцлов.
Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч М.Билэгт, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Б.Ундармаа нар үг хэлж, зарим мэдээллийг тодруулан хариулт авч, санал солилцлоо. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч М.Билэгт хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ, мэс засал, амбулаторийн үзлэг, амбулаторийн үзлэг, хүлээгдэл, дүрс оношилгоо, лабораторийн шинжилгээ гэсэн статистик 2007 оныхтой харьцуулахад 2017 онд хувь хэмжээ нь эрс өссөн үзүүлэлт гарсан нь эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог оновчгүй зохион байгуулж байгаатай холбон үзэхээс өөр аргагүйг тэмдэглэв. Мөн тус төвийн удирдлага, эмч нар боломжоо ашиглан тусламж, үйлчилгээг  өдий зэрэгтэй сайн авч явж байгаад талархаж буйгаа илэрхийллээ.

Ажлын хэсгийнхэн энэ үеэр ХСҮТ-ийн зарим тасгаар орж, эмчилгээ, үйлчилгээтэй танилцсан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 
 

Связанные новости