300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил 55 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-05-29 18:25:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 300 ортой төрөх эмнэлгийн барилгад ахин хөрөнгө мөнгө, шийдвэрлэх олон асуудал байгаа талаар гүйцэтгэгч “Томо бюлдинг” компаниас мэдэгдсэний дагуу өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл барилгын явцтай газар дээр нь танилцлаа.

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт баригдах тус эмнэлгийг анх 8 жилийн өмнө барих шийдвэр гарч, Засгийн газар Нийслэл өргөө компани, Пума консерциумтай гэрээ байгуулж 17.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс өгсөн байдаг. Гэтэл нэмэлт санхүүжилт шаардлагатай болсны улмаас 2013 онд барилгын ажлыг зогсоосон.
Харин өнгөрсөн онд Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, “Томо бюлдинг” компанитай концессийн гэрээ байгуулж 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгөөр зураг төсөл боловсруулан барихаар болж өнгөрсөн намраас барилгын ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 34 хувийн гүйцэтгэлтэй байсан барилгыг 55 хувийн гүйцэтгэлтэй болгож, барилгын дүүргэлт, дээврийн ажлыг дуусгаж, дотор болон гадна шугам сүлжээ, гадна талбай, хаалга цонхны ажил үргэлжилж байгааг мэдээллээ. Харин үүнд анх зурагдсан стандартыг өнөөдрийнхтэй нийцүүлэх, түүнд шаардлагатай төсөвт тусгагдаагүй ажлыг хэрхэх нь тодорхойгүй асуудал үүссэн талаар “Томо бюлдинг” компанийн захирал Ч.Отгонбаяр хэлсэн юм.


Хэрэв гадна шугам сүлжээ, цахилгаан эх үүсвэрийг татах, талбайн тохижилт концесст тусгаагүй ажил, өнөөгийн стандартад нийцсэн эмнэлгийн зарим өрөөний зураг өөрчлөх, зураг гүйцэтгэгч компаниудын авлагын төлбөр тооцоо зэрэг асуудал шийдэгдвэл энэ ондоо гаднах ажлаа багтаан дуусгаж, ирэх 2019 оны эхний улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй аж.
Тиймээс ойрын хугацаанд ЭМЯ, Үндэсний хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төв, анх зураг төслийн ажлыг гүйцэтгэгч талууд, “Томо бюлдинг” компани, шугам сүлжээ, цахилгааны эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэхэд хамааралтай ТОСК, Эрчим хүчний яам зэрэг холбогдох газрууд хамтран хуралдаж асуудлаа шийдвэрлэхээр тогтлоо гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Связанные новости