Баянгол дүүрэгт 60 ортой “Хүүхдийн II эмнэлэг” ашиглалтад оров

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-05-30 17:28:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүрэгт орчин үеийн стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий  “Хүүхдийн II эмнэлэг”-ийн нээлт өнөөдөр боллоо.

Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус эмнэлэг нь 60 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай аж. Уг эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, ердийн эмчилгээний хэсгүүдэд нийт 4 эмч, 12 сувилагч ажиллаж, тус дүүргийн 0-16 насны 80440 гаруй хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх юм. Үүний сацуу Япон улсад үйлдвэрлэсэн, нярайн шарлалт хэмжих аппаратыг оношилгоо, эмчилгээндээ ашиглаж, 28 хүртэлх хоногтой нярай хүүхдүүдийг хамруулахаар зорьжээ.
Тус дүүрэгт өнгөрсөн 2017 оны зургадугаар сард нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар ахмад настны 60 ортой эмнэлэг ашиглалтад орж байсан юм.
Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Баянгол Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргал болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, БГД-ийн иргэд оролцов.
Дашрамд дуулгахад, нийслэлийн Баянзүрх дүүрэгт шинээр барьж буй хүүхдийн 100 ортой эмнэлэг тун удахгүй ашиглалтад орох аж.

Связанные новости