Цахим системийг орон даяар бүрэн нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-06-11 14:10:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны ажлын хэсгийнхэн энэ амралтын өдрүүдэд Дархан-Уул болон Орхон аймагт ажиллалаа.

Ажлын хэсэгт Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга Т.Батбилэг, Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг нар багтсан юм.
"Эрүүл мэндийн даатгалын цахим систем"-ийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 01-нээс нэвтрүүлэн ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд Эрүүл мэндийн даатгалын байгууллага бие дааснаар эхний ээлжинд даатгуулагчид хөнгөлөлттэй үнээр олгох эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, салбарын ажилтнуудын ажлын ачааллыг хөнгөвчлөх, дараагийн алхам нь хувийн эмнэлгийг хоёрдугаар улиралд, улсын эмнэлгийг гуравдугаар улиралд, рашаан сувиллыг дөрөвдүгээр улиралд цахим системд холбохоор ажиллаж байна. Ийнхүү энэ ондоо багтаан цахим системийг орон даяар бүрэн нэвтрүүлэхийг зорьж буй юм.
Ажлын хэсэг эхлээд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газарт саатаж, кабинетуудын үйл ажиллагаатай нь танилцлаа.
Тус газрын үйл хэргээс онцлоход, энэ оны нэгдүгээр улирлаас эхлэн Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийн төв байгуулан Япон улсын туршлагаас нутагшуулан ажиллаж эхэлсэн байна. Учир нь дэлхийн улс орнуудаас тус улс нь хүн амын дундаж наслалтаараа тэргүүлдэг. Үүний гол нууц нь эрүүл зан үйлийг сонговол таны өвчний түүх өөрчлөгдөнө гэсэн зарчимтай. Тиймээс энэхүү арга барилыг тус газрынхан нутаг орондоо хэрэгжүүлэн ажиллаж буй нь энэ аж. Түүнчлэн манай улсын хувьд сүүлийн 20 жилд хүн амын өвчлөлийн 72 хувь нь урьдчилан сэргийлж болох халдварт бус өвчнөөр өвчилсөн байдаг. Тиймээс иргэдийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллээр хангах нь олон төрлийн ашиг тустай учир энэхүү төвийг нээн ажиллуулж байгааг төвийн удирдлагууд хэлж байлаа.
Ийнхүү ажлын хэсгийнхэн тус аймгийн хэмжээнд ажилладаг нийт таван Өрхийн эрүүл мэндийн төв болон гурван эмийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн юм.

Ажлын хэсгийнхэн уг асуудлаар Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар болон Эмийн сангийн эрхлэгч нартай уулзалт зохион байгуулан цахим жорыг сайжруулах болон дутагдалтай байгаа асуудлаар санал бодол солилцон заавар зөвлөгөө өгсөн юм. Энэ үеэр хамгийн их хөндөгдсөн асуудал бол аймгийн хэмжээнд хөнгөлөлттэй үнээр буюу даатгалаар эм олгодог 18 эмийн сан байдаг аж. Эдгээр эмийн сан харилцан адилгүй санхүүжилт авдаг. Ихэнх эмийн сангуудад эмийн нөөц хангалттай байдаг ч төрөөс олгож байгаа санхүүжилт бага учраас бүртгэгдсэн бүх иргэдийг хөнгөлөлттэй эмээр хангаж чаддаггүй байна. Нэг үгээр хэлбэл, тус аймгийн эмийн сангуудад олгодог даатгалын мөнгө иргэдийнхээ хөнгөлөлттэй эмийн хэрэгцээнд хүрдэггүй гэсэн үг юм. Түүнчлэн цахим жорын жагсаалтад орсон 811 эмнээс шаардлагагүй эмийг нь хасах саналыг холбогдох эмч нар тодотгож байв. Тухайлбал, амин дэм буюу витамины талаар хөндөн ярилцлаа. Мөн хөнгөлөлттэй үнийн эмийн жагсаалтыг шинэчлэн гаргах санал хэлж байлаа. Үүнд, эмийн нэр төрлийг олон улсын нэршлээр нь жагсаалтад оруулах нь зөв гэв. Зүй нь одоогийн жагсаалтад үйлдвэрийнх нь нэршлээр оруулсан байдаг аж.
Мөн цахим системийн үйл ажиллагаанд шилжсэн нь салбарынханы тухайд, олон дамжлагат цаасны ажлыг нь хөнгөвчлөх гээд сайн тал их байгааг онцолж байв. Тухайлбал, эмийн сангийн ажилтнууд өмнө нь үйлчлүүлэгчийнхээ эмчийн бичсэн жор болон РД-ыг нэг бүрчлэн холбогдох программ руу шивж оруулдаг байсан бол тус ажил хөнгөвчлөгдсөн байна. Мөн эмч нарын жор бичилтийн алдаа гарахаа больсон гээд салбарынхан ам сайтай байлаа.  

Ажлын хэсгийнхэн энэ удаад аймгийн хэмжээн дэх бүх Өрхийн эрүүл мэндийн үйл ажиллагаатай танилцав. Эдгээрээс "ГОС" Өрхийн эрүүл мэндийн эмнэлэг нь улсын хэмжээнд гурван удаа "Шилдэг"-ээр шалгарч байжээ. Өдгөө 34.065 хүний эрүүл мэндийг хариуцан 15 их эмч, 20 сувилагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ үеэр тус эмнэлгийн их эмч н.Отгон "Хоёр эмч дундаа нэг ком ашигладаг нь үйлчлүүлэгчдэд болон эмч нарт хүндрэлтэй байдаг. Манай эмнэлгийн хувьд хүн ам ихтэй учир хөнгөлөлттэй үнээр олгох эмийн хүртээмж тааруу. Тиймээс иргэд өглөөний 05.00 цагаас эхлэн дугаар үүсгэн жагсдаг. Бид хэдийгээр иргэддээ үзлэгээ хийж, жор бичиж олгодог ч эмийн сангийн санхүүжилт дуусчихдаг учраас иргэд их бухимдалтай байдаг. Гэхдээ цахим жор олгодог болсноор бидний ажилд цаас чирэгдэл багатай болсон. Эцэст нь дүгнэж хэлэхэд, цахим системийн энэхүү ажиллагаанд иргэд болон салбарын ажилтнууд бид дэмжиж буй ч нарийн зохион байгуулалт, зохицуулалт үгүйлэгдэж байгааг онцлон хэлмээр байна" гэв.
Энэ мэтчилэн салбарынхан уг асуудалд байр сууриа хэллээ. Харин ажлын хэсгийнхэн аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын жор бичилт, цахим программ хангамжийн  ашиглалт, хэрэгжилтийн талаар мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллав. Мөн холбогдох байгууллага хоорондын уялдааг хангах ажиллагаанд заавар, зөвлөгөө өгч байсан юм.

Связанные новости