ДЦС-уудын доголдлыг арилгахад боловсон хүчнийг чадваржуулах, технологийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-09-27 14:28:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад цахилгаан, дулааны найдвартай ажиллагаанаас гадна өсөн нэмэгдсээр буй хэрэглээг бүрэн, тогтвортой хангах шаардлага бүхий үүрэг хариуцлага тулгарч буйг өнөөдөр “ДЦС-4” ТӨХК дээр эхэлсэн Эрчим хүч үйлдвэрлэгчдийн зөвлөгөөний үеэр хэлэлцэж байна.

Зөвлөгөөнийг нээж Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ны дарга А.Тлейхан хэлэхдээ, “Жил бүр өсөн нэмэгдэж буй хэрэглээг бид стандартын шаардлагад нийцсэн цахилгаан, дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангахад үр ашигтай зохион байгуулалтаас гадна шинэ техник, технологи нэвтрүүлэх замаар биелүүлэх үүрэг ирж байна. Үүн дээр мөн хэмнэлтийн бодлого

чухал" гэдгийг онцлов. Тиймээс ч зөвлөгөөн “Шинэ техник, технологи-үр ашиг” сэдвийн хүрээнд болж байна. Өнөөдөр манай улс цахилгаан эрчим хүчнийхээ 88 хувийг дотоодын эх үүсвэрээс хангадаг. Энэ онд шинээр нийт 95 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний 5 станц ашиглалтад орохоор бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Тэр болтол эрчим хүчний эх үүсвэрийн чадал хүрэлцэхгүй  байгааг тэрээр хэлсэн. Өнгөрсөн хугацаанд ДЦС-уудын үндсэн тоноглолын зогсолт, саатал өмнөх онуудаас нэмэгдсээр байна. (Саяхны жишээ ДЦС-4 тэг зогссон). Энэ байдлыг арилгахын тулд боловсон хүчнээ сайжруулж, инженер-техникийн ажилтнуудыг давтан сургах, техник, технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай болсныг тэрээр хэлэв.

ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван Төр, засгаас барьж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэхдээ, “Засгийн газраас 2016-2020 онд дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилгоор “ДЦС-3”-ын өргөтгөл, “ДЦС-1, “ДЦС-4”-ын турбин генераторын шинэчлэлийн төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр, "Тавантолгой”-н цахилгаан станц, Чойбалсангийн ДЦС-ын өргөтгөлийн төслийг Төр-хувийн түншлэлийн механизмаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Эрдэнэтийн ДЦС-ын хүчин чадлыг 35 МВ-аар нэмэх, Улаанбаатар-Мандалговийн 330 кВ-ын хоёр хэлхээт цаххилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих, Эрдэнбүрэнгийн УЦС-ын төслийн хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говь-Сүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгийн төвд дулааны эх үүсвэр, дулаан шугам барих төслийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр тус тус хэрэгжүүлэхээр шийдвэрлэснийг танилцуулж, дунд хугацаанд Тавантолгойн, Багануурын ДЦС, Эрдэнэбүрэнийн УЦС, системийн горим тохируулах Эгийн голын УЦС-ыг барьж ашиглахаар төлөвлөж буйг мэдээллээ. Тэгвэл НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн байгууллагуудын Үндэсний зохицуулагч З.Батжаргал нүүрстөрөгчийн арилжаа, зохицуулалтын боломж, эрхзүйн орчны талаар танилцуулахдаа “Хүлэмжийн хийг бууруулах замаар манай улс Олон улсын төсөл, хөтөлбөрт хамран, нүүрсний ДЦС-уудынхаа тоног төхөөрөмжийг шинэчлэх нэг боломж байгаа”-г дуулгаж байв.


Зөвлөгөөний үеэр бид 20 тэрбум төгрөгийн эрчим хүчний хэмнэлт гаргасан “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий эрчим зүйч Ш.Төрбаттай уулзаж тодруулахад, “Манай үйлдвэр дангаараа Монголын эрчим хүчний хамгийн том хэрэглэгч. Дотроо металл баяжуулах үйлдвэрүүд, ил уурхай гээд олон үйлдвэр, 20 гаруй цех ажилладаг. Гол нь тасралтгүй ажиллаж байдаг учир тэр бүх хэрэглээг хангах цахилгаан станц үйлдвэрийн дэргэд байнгын ажиллагаатай байдаг. Тэр бүх үйлдвэр, цехүүд тус тусдаа цахилгаан, дулаан зарцуулдаг том хэрэглэгч учир энд эрчим хүчний хэмнэлтийн бодлого чухал асуудал болдог. Хэмнэлтийг том хөрөнгө оруулалт хийж шинэ техник, технологи нэвтрүүлэх, тоолуур тавьж хянах, зохицуулалт хийх, урамшууллын хэлбэр зэргээр шийдэх олон арга бий. Энэ талаар өнөөдөр мэргэжилт нэгт салбарын нөхөдтэйгөө санал солилцож байгаад баяртай байна. Манай үйлдвэрийн хувьд хэмнэлтийн бодлого үйл ажиллагааг 1990-ээд оноос хойш тасралтгүй мөрдөж одоогийн байдлаар хөргөх усан сангууд байгуулж, хэрэглээ багатай техник, тоног төхөөрөмж нэвтрүүлэн ашиглах зэргээр эрчим хүчээ хэмнэж байна” гэв.



Тодруулга: Манай улсад жил бүр цахилгаан болон дулааны эрчим хүчний хэрэглээ 5-8 хувиар нэмэгдэж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 3.3 тэрбум кВт цахилгаан, 4.6 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэжээ. Харин импортоор 114.2 сая кВт цахилгаан авч, нийтдээ 483.8 тэрбум төгрөгийн боруулалт хийжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цахилгаан эрчим хүчний хэрэглээ 10.5 хувиар, дулааны эрчим хүчний хэрэгдээ 3.6 хувиар тус тус нэмэгджээ.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ