"Хайлаасны баяр"-аар өрх бүрийг хашаандаа мод тарихыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-04-29 12:19:52

Өмнөговь /МОНЦАМЭ/ “Өрх бүр хашаандаа 5-аас доошгүй мод, тарьж ургуулъя” уриатай "Хайлаасны баяр" -ыг тэмдэглэнэ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн 5,10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн бямба, ням гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 88 дугаар тогтоолоор “Хайлаасны баяр”-ыг аймагтаа бүх нийтээр мод тарих өдөр болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Иймд 2020 оныг “Өрх гэр бүлийн хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан “Өрх бүр хашаандаа 5-аас доошгүй мод, тарьж ургуулъя” уриан дор энэхүү ажлыг зохион байгуулах юм.

"Хайлаасны баяр"-ыг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулах учраас сумд, төрийн байгууллага, иргэд, ААН-үүд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж бэлтгэлээ ханган хариуцлагатай оролцохыг зохион байгуулагчид анхаарууллаа.

Өмнөговь аймгийн Сум дундын ойн ангийн дарга Б.Бурмаа "26 мянган суулгац тариалахаар төлөвлөсөн, үүнийгээ сумдад хуваарилж байгаа мөн Даланзадгадад хоёр талбайд тариална. Энэхүү суулгацуудыг сум дундын ойн ангийн талбайгаас гаргаж байгаа бөгөөд  хайлаас, улиас, шар хуайс, сухай, чацаргана, тоорой, бургас, жигд зэрэг говийн унаган моднуудын суулгац байгаа" гэлээ.  

Холбоотой мэдээ