Мазаалай бол байгалийн экосистемийн чухал нэг хэсэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamtulga@montsame.gov.mn
2020-08-17 13:14:01
twitter.com/Nyamkanmk

ЛОНДОН. /inews/. Мазаалай гэх нэн ховор амьтан Монголын эрс тэс уур амьсгалтай говьд дасан зохицож амьдарч байгаа хэдий ч хүн төрөлхтнөөс үүдэлтэй аюулын улмаас устаж үгүй болох эрсдэлтэй байна.


Мазаалайнууд дэлхий дээрх хамгийн эрс тэс уур амьсгалтай газар нутгуудын нэгд тооцогддог Монголын говийн хүйтэн өвөл, халуун зуныг даван туулж, амьдрахын төлөө тэмцэж байна. Одоогоор говьд үлдээд байгаа цөөн тооны мазаалайн амьдрал нь тэр чигтээ ус болон гишүүнэгийн эрэл хайгуул юм.


Одоо байгаа 40 орчим мазаалайн дийлэнх нь Говийн их дархан цаазат газраар ганцаараа эсвэл хэд хэдээр сүрэглэн тэнүүчилж байна. Говьд дасан зохицож, амьдардаг баавгайн цорын ганц төрөл болох мазаалай нь бараг л ногоон хоолтой бөгөөд уураг ихтэй зэрлэг гишүүнэн булцуут үндэсээр голдуу хооллодог.


Туйлын цагаан баавгай, хулсны баавгай зэрэг нь дэлхийн нэн ховор амьтдын жагсаалтад онцгой тод харагдах хэдий ч мазаалайн хувьд өнөөг хүртэл сураггүй шахуу байна. Гэвч Монголын Засгийн газар болон олон нийтийн дэмжлэгтэй шинжлэх ухаанчид, мэргэжилтнүүдийн ачаар дэлхий дээрх хамгийн ховор төрлийн баавгайг хамгаалах итгэл найдвар бий болжээ.


Говийн баавгай төслийн ажилтан, биологич Харри Рейнолдсийн хэлснээр, 2014 онд 29 мазаалай байсан бол энэ жил 40 орчим болсон байна. Мазаалайн амьдрах орчинг хамгаалах Засгийн газрын арга хэмжээ болон Говийн их дархан цаазат газрын хамгаалагч нарын хийсэн баавгайн хоол хүнсийг нь бэлтгэх ажлын ачаар тоо толгой ийнхүү өсжээ. Сүүлийн жилүүдэд 1-2 бамбарууш тогтмол төрж байгаа учир тоо толгой нь бага багаар өсөж байна.



“Говийн баавгайнууд маш онцгой. Тэд говийн уур амьсгал, нөхцөл байдалд амьдардаг цорын ганц баавгай. Дасан зохицох, суралцах замаар тэд дэлхий дээрх хамгийн эрс тэс уур амьсгалтай газруудын нэгд амьдрах арга замаа олсон” гэж Харри Рейнолдс хэлэв. Өдгөө 76 настай, баавгай судлаач тэрбээр мазаалайг хамгаалахад туслах зорилгоор 2004 онд Говь төслийг эхлүүлжээ.


Монголын Засгийн газрын сайд нар 2013 оныг Мазаалайг хамгаалах жил болгон зарлаж, энэхүү үйл ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлсэн байна. Үүгээр ч зогсохгүй Монголын ард иргэд мазаалай баавгайгаа үндэсний баялаг хэмээн үздэг ажээ.


Дэлхийн байгаль хамгаалах сан мөн говийн нэн ховордсон амьтдыг хамгаалах “Говийн гайхамшигт зургаа” санаачилгадаа говийн баавгайг багтаажээ.


"Мазаалай бол шүхэр зүйлийн амьтдын нэг юм. Өөрөөр хэлбэл мазаалайг хамгаалснаар бусад амьтдыг хамгаалахад тус болох амьдрах орчныг хамгаалж байна гэсэн үг юм" гэж Харри Рейнолдс хэлэв. Тэрбээр коронавирусний цар тахлын улмаас судалгааны ажлаа 2 ч удаа хойшлуулаад байгаа аж.


Харри Рейнолдс 2005 онд анх уригдан ирэхдээ Монголын Шинжлэх ухааны академийн биологичид болон байгаль хамгаалагчидтай хамран мазаалайнуудыг барьж, байршил тогтоогч суурилуулсан байна. Харин дараагийн 5 жилийн хугацаанд тэд өөр 10 төрлийн амьтныг мөрдөж, хүзүүвчилжээ.


Мөн тус баг мазаалайнуудын дийлэнх нь Алтайн нурууны гурван жижиг нурууг тойрон эргэлдэж байсныг тогтоожээ. Тэнд очсоны зорилго нь тодорхой: эдгээр өндөрлөг хэсэгт хэд хэдэн баян бүрд бий. Зарим нь цэвэр булаг шанд байх бол зарим нь шавар, замагтай байна. Гэсэн хэдий ч ийм ус нь цангасан баавгайг хангалттай ундаална.


Мэргэжилтнүүд мазаалайн амьдрах орчныг байршил тогтоогч хүзүүвч ашиглан тэдгээрийг судалсаар байна. Олон нийтийн хандиваар санхүүждэг Говийн баавгай төслийн хүрээнд мазаалайн идээшлэх газруудад үсний хавх тавьж, дээж авч ДНХ шинжилгээ хийж байгаа ажээ. Энэ ажлыг эхлүүлсэн цагаас хойш үржилд нөлөөлөх гаж нөлөө хараахан олдоогүй байна. Иймээс говийн баавгайн өсөлтөд сөргөөр нөлөөлөх гаж нөлөө одоогоор байхгүй хэдий ч уур амьсгалын өөрчлөлт, хүн төрөлхтнөөс үүдэлтэй аюул байсаар байна. 20 дугаар зууны дунд үед Монголын өмнөд нутгаар мал аж ахуйг өргөжүүлэх буруу үйл ажиллагааг явуулснаар говьд хүн амын суурьшил нэмэгдсэний зэрэгцээ буу ч их болсон нь ан ав хийх шалтгаан болжээ.



Сүүлд баавгай агнахыг хориглосон хэдий ч говийн бэлчээрийн даац хэтэрч, 1980 он гэхэд мазаалайн тоо толгой эрс буурсан байна. Тухайн үед бэлчээрийн даац хэтрэх нь гол аюулуудын нэг байжээ. Гэвч 1976 онд Говийн их дархан цаазат газрыг байгуулсан юм. Өнөөдөр мазаалайн цорын ганц хоргодох байр бол байгаль, түүний нөөц билээ.


Дархан цаазат газар болгосон хэдий ч мазаалайн амьдрах орчин бусдын түрэмгийлэл буюу уул уурхайн эрчимтэй тэлэлтэд хумигджээ.


"Аюулуудын нэг нь алт хууль бусаар олборлодог хүмүүс буюу нинжанууд. Тэд шөнө дөлөөр хар хувцас, мотоциклтой явж алт ухдаг. Тэд мазаалайн амьдралд шууд нөлөөлөхгүй ч гэсэн хүн бүр л ус барааддаг. Зарим амьтан 30-40 км туулж ус уухаар ирэхэд хүн байвал үргэж, дахиад л усны төлөөх 30-40 км аяллаа эхлүүлнэ, олдох эсэх нь тодорхойгүй. Тэгэхээр хүн мазаалайн амьдралд багагүй төвөг учруулдаг гэсэн үг юм" гэж Харри хэлэв.


Мазаалайн тоо толгой цөөн, амьдрах орчин нь хүндхэн хэдий ч энэ ховор төрлийн амьтныг хамгаалан авч үлдэх боломжтой гэсэн өөдрөг үзэлтэй байгаагаа Харри дурдаад, мазаалайн тоо толгойг 100-д хүргэвэл бид их баярлах болно гэв.


Эцэст нь тэрбээр “мазаалайн хувьд амьдрал хүндхэн, жоохон бохирдуу харагдаж байгаа хэдий ч тэд байгалийн экосистемийн чухал нэг хэсэг бөгөөд тэд уствал дэлхий асар их хохирол амсана” гэж хэллээ.



Холбоотой мэдээ