АНУ-ын Бүгд найрамдах намын үндэсний хороо төв байраа нүүлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2020-11-04 08:59:07
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /Foxnews/. АНУ-ын Бүгд найрамдах намын үндэсний хороо аюулгүй байдлаа хангах үүднээс нийслэл Вашингтон хотод орших төв байраа сонгуулийн өмнөх орой нүүлгэлээ гэж тус намын төлөөлөгч мэдэгджээ. Төлөөлөгч мэдээлэл өгөхдөө байршлыг нууцалсан байна.


Сонгуулийн дараа нийслэл Вашингтон хот, Цагаан ордны эргэн тойронд эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал үүсэж болзошгүй хэмээн үзэж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор тус хотод үйл ажиллагаа явуулдаг олон дэлгүүр, бизнесүүд гаднаа мод, панераар хамгаалалт хийгээд байгаа ажээ.


Мөн Алдартнууд, баячууд амьдардаг Калифорни муж улсын Беверли Хиллс хотын оршин суугчид сонгуулийн үеэр үүсэж болзошгүй эрсдэлд бэлтгэх зорилгоор цагдаа нарт дэмжлэг үзүүлэх хамгаалалтын хоёр хувийн компанийг 4.8 сая ам.доллароор хөлсөлсөн тухай тус хотын Цагдаагийн газрын төлөөлөгч, хурандаа Макс Субин мэдэгджээ.


Тус хотын оршин суугч болон бизнесийн бүсэд нийт зэвсэглэсэн 80 хамгаалагч цагдаа нарт дэмжлэг үзүүлэн ажиллах аж.


Үүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгч Д.Трампын кампанит ажлын багийн гишүүд сонгуулийн дүнг Эйзенхауэр гүйцэтгэх захиргааны байранд дахь “дайны өрөө буюу хамгаалалттай байр”-наас үзнэ гэдгээ мэдэгджээ. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг энэхүү нүсэр барилга Цагаан ордны хажууханд байрладаг байна.


Д.Трампын сонгуулийн кампанит ажлын харилцаа холбооны асуудал хариуцсан захирал Тим Муртаугийн мэдээлснээр, энэхүү өрөөний зардлыг зөвхөн багийн гишүүд санхүүжүүлж байгаа аж.


Мөн тэрбээр, "нэгт энэ өрөө Ерөнхийлөгчтэй ойр байх хэрэгтэй, хоёрт залбирал, гадны хүлээн авалт зэрэг арга хэмжээ ихэвчлэн болдог байрны өрөөг ашиглахад Америкийн татвар төлөгчдөд ямар ч зардал чирэгдэл учрахгүй. Компьютер, интернет сүлжээ гээд бүхий л тоног төхөөрөмжийг манай кампанит ажлын баг төлсөн. Цагаан ордон үүнд хамааралгүй бөгөөд зохион байгуулалтын ажлыг Цагаан ордны зөвлөл баталсан" гэж мэдэгджээ.


Холбоотой мэдээ