Канадын залуу тамирчин дэлхийн чансааг тэргүүлэгчдийг ялж хагас шигшээд үлдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.gov.mn
2021-09-08 14:19:46
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /wtatennis/. Канадын теннисчин Лейла Фирнандез Америкийн нээлттэй тэмцээний хагас шигшээд дэлхийн чансааны тавд эрэмбэлэгдэж буй Елина Свитолинаг 6-3, 3-6, 7-6(5) харьцаагаар ялж, 19 насныхаа төрсөн өдрөөрөө өөртөө том бэлэг барилаа.


Тоглолтын гурав дахь үеийг Фирнандез 5-2 харьцаагаар тэргүүлж байсан боловч Елина Свитолина тооны харьцааг 5-5 болгон тэнцүүлсэн боловч Канадын өсвөрийн теннисчин бууж өгөлгүй, итгэл төгс тоглосоор ялалт байгуулав.


Уг хоёр тамирчин өмнө нь 2020 оны Монтеррейд болсон тэмцээний шөвгийн наймд учраа таарч 6-4, 7-5 харьцаагаар Елина Свитолина ялж байсан юм.


Фирнандез тэмцээний дараах хэвлэлийн бага хурлын үеэр, "Өнөөдрийн тоглолт сэтгэл санааны хувьд хамгийн хэцүү нь байлаа. Свитолина бол гайхалтай тоглогч, мундаг тамирчин. Би эхний үед ялсандаа баяртай байсан. Гэвч хоёр дахь үед тэр шилдэг тоглолтоо үзүүлж, би чухал мөчүүдэд цөөн хэдэн алдаа гаргаснаар харамсалтай хожигдсон. Гурав дахь үед тоглолтоо сэргээж чадсандаа баяртай байна. Тооны харьцаа 5:5 болж тэнцсэн ч бага зэргийн аз намайг ивээсэн учраас энэ тоглолтод ялж чадлаа. Үнэнийг хэлэхэд Монтеррейд болсон тэмцээний дараа би маш сайн бэлтгэл хийсэн болохоор сайн тоглосон гэж бодож байна. Өөр тэмцээнүүдэд ялагдах бүрдээ гэртээ буцаж очоод шууд бэлтгэлдээ орж, тоглолтоо сайжруулахыг хичээдэг байсан. Миний тоглолт бага багаар сайжирч байгаад баяртай байна. Өнгөрсөн болон өнөөдрийн тоглолтуудын үр дүн нь олон зүйлийг золиослон байж бэлтгэлээ шаргуу хийсний ач тус байх" гэж хэлжээ.


Мөн тэрбээр, "Өнөөдрийн тоглолтын хувьд зөвхөн өөртөө итгэж, тоглолтдоо бүрэн төвлөрөх тухай л бодож байлаа. Хожсон ч, хожигдсон ч "ТОГЛОЛТДОО ИТГЭ, ЦОХИЛТОО ХИЙ, БӨМБӨГ ХААШАА ЧИГЛЭЖ БАЙГААГ САЙН ХАР" гэж өөртөө байнга хэлж байлаа хэмээн нэмж хэлсэн юм.


Энэ тоглолт түүний хувьд чансаа өндөр тэмцээнд гурав дахь үед тайбрикээр ялсан анхны тохиолдол нь байсны зэрэгцээ карертаа “WTA”-ийн чансааны шилдэг таван тамирчныг ялсан гурван тохиолдлынх нь нэг нь байжээ. 


Фирнандез нь 1984 онд “US Open” тэмцээний хагас шигшээд шалгарч байсан Карлинг Бассетт-Сегусо болон 2019 оны аварга Бианка Андреску нарын араас хагас шигшээд шалгарсан Канадын гурав дахь эмэгтэй тамирчин боллоо.


Мөн тэрбээр “US Open” тэмцээний хагас шигшээд 2005 онд 18 настайдаа шалгарч байсан хамгийн залуу тамирчин Мария Шараповагаас хойш энэ алдрыг хүртэж байгаа хоёр дахь тамирчин болжээ.


Сонирхуулахад, энэ тэмцээн нь Фирнандезийн хувьд “WTA250” ангиллаас дээш шатны тэмцээний хагас шигшээд шалгарч байгаа гурав дахь тохиолдол нь юм. Өмнө нь тэрбээр “Acapulco2020” тэмцээний финалд шалгарч байсан бол энэ оны гуравдугаар сард Монтеррей хотод анхны цомоо өргөж байсан юм.


Фирнандез нь одоогоор дэлхийн чансааны 73-т эрэмбэлэгдэж байгаа ба ирэх даваа гарагаас дэлхийн чансааны шилдэг 50-т багтах болоод байна.


Холбоотой мэдээ