The Independent: ЗХУ-ыг мөхөөсөн гурван хүн

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2021-12-13 12:55:40

Одоогоос яг 30 жилийн өмнө буюу 1991 оны 12 дугаар сарын 8-ны өдөр ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан славян үндэстний 3 улсын удирдагчид Польшийн хилээс холгүй Беловежийн төгөл дэх анчдын буйдхан байшинд цуглах тэр үед асар том гүрний хувь заяа дээсэн дөрөөн дээр байв. Тэд үзэгнийхээ үзүүрээр ЗСБНХУ хэмээх их гүрнийг үгүй хийснээр асар хүчтэй дэлбэрэлтийн долгион үүсгэсэн нь 30 жилийн дараа ч цуурай нь замхралгүй Орос, Украины хооронд түгшүүртэй байдлыг бий болголоо.


Беловежийн төгөл дэх өргөөнд гарын үсэг зурсан гэрээнд “ЗХУ нь олон улсын эрхзүйн субъектийн хувьд, геополитикийн бодит байдлын хувьд оршин тогтнохоо больж буйг” мэдэгдсэн билээ. Уг баримт бичигт үндэслэн Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг гэгч субъект байгуулагдсан бөгөөд хуучин Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудыг нэгтгэсэн энэ хэврэг холбоо өнөөдрийг хүртэл оршин тогтнож байгаа хэдий ч нөлөө нь төдийлөн их биш байна.


Хоёр долоо хоногийн дараа тус хамтын нийгэмлэгт Зөвлөлтийн 8 бүгд найрамдах улс нэгдсэнээр ЗХУ-ын Ерөнхийлөгч Михаил Горбачевын бүрэн эрх үнэн хэрэгтээ цуцлагдсан бөгөөд тэрбээр 1991 оны 12 дугаар сарын 25-нд огцорсон юм. Үүний дараа Кремлийн ордны орой дээрээс алх хадуур бүхий улаан тугийг буулгажээ.


Тухайн үед Беларусийг удирдаж байсан Станислав Шушкевич уг гэрээг байгуулсан талаар өдгөө ихэд бахархалтайгаар ярьж байна. Оросын удирдагч Борис Ельцин, Украины ерөнхийлөгч Леонид Кравчук нарын хамтаар гарын үсэг зурсан уг баримт бичгийг тэрбээр “дипломат урлагийн шилдэг бүтээл” гэж нэрлэжээ.


Аугаа их эзэнт гүрэн, цөмийн зэвсэгтэй хэт их гүрэн маань тусгаар тогтносон улсууд болон задарснаар бүх улс өөрсдийн хүссэнээр нягт хамтран ажиллах боломжийг олж авсан ба энэ үеэр дусал цус ч урсаагүй” гэж өдгөө 86 настай Шушкевич “Ассошиэйтед Пресс” агентлагт ярилцлага өгөхдөө хэлж байлаа.


Гэвч хожим нь Москвагийн хатуу хяналтанд байсан Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудын нутагт өрнөсөн олон удаагийн зэвсэгт мөргөлдөөний улмаас цус урсах болно. Хамгийн ихээр үхэл тарьсан мөргөлдөөн 2014 онд Украины зүүн нутагт эхэлж, Оросын тал баримтлагч салан тусгаарлагчид Украины цэргийн эсрэг байлдааны ажиллагаа явуулснаар 14 мянган хүн амиа алдсан юм.


Оросын цэрэг Украинтай залгаа хилийн дагуу төвлөрч байгаа нь оросууд Украинд халдан довтолж болзошгүй гэсэн болгоомжлолыг барууныханд төрүүлжээ. Мягмар гарагт болсон Орос, Америкийн удирдагчдын онлайн уулзалтын үеэр Жо Байден Оросын ерөнхийлөгчид хэлэхдээ “хэрвээ Москва Украин руу халдан довтлох аваас Оросын эсрэг эдийн засгийн хамгийн хатуу хориг арга хэмжээг авна гэж анхаарууллаа.


...Харин М.Горбачев 1991 онд байгуулсан гэрээний талаар харамсан дурсаж байна. Хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсуудын хооронд “Холбооны гэрээ” байгуулах замаар ЗСБНХУ-ыг задран бутрахаас аврах гэсэн түүний оролдлогууд Беловежийн гэрээний улмаас бүтэлгүйтсэн ажээ.  


“Беловежийн төгөл дотор тэдний яарч сандран нууцаар хийсэн үйлдэл бол шархадсан хүнийг гүйцээхийн тулд мөчилж алах гэсэн хуйвалдаантай адил зүйл байсан. Эрх мэдэлд улайрч, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэсэн эрмэлзэл нь эрхзүйн үндэслэлүүд болоод эргэлзэн тээнэгэлзэх мэдрэмжээс нь хальж гарсан” гэж өдгөө 90 настай Горбачев дурсамжийн номондоо бичсэн байна. 


Харин Шушкевичийн хувьд энэ нь харамсан эмгэнэхээр зүйл огт биш ажээ. “Ард түмнүүдийг хорьж байсан шоронг бид хаахаар шийдсэн. Бидэнд харамсахаар зүйл огт байгаагүй”.


Шушкевичийн ярьснаар бол, түүний хувьд, нөгөө хоёр удирдагчийн хувьд ч гэсэн Зөвлөлтийн бусад 12 бүгд найрамдах улсыг барьж тогтоох нь ямар ч утга учиргүй зүйл байжээ. Балти орчмын Латви, Литва, Эстони гэсэн 3 улс нэгэнт тусгаарлаад байсан бол ЗХУКН-ын хатуу чиг шугамыг баримтлагчид Горбачевын эсрэг 8 дугаар сард төрийн эргэлт хийхээр оролдсон нь бүтэлгүйтэв. Эдгээр үйл явдал нь Горбачевын нэр хүндийг унагаж, улмаар бусад бүгд найрамдах улсуудыг тусгаар тогтнохын төлөөх тэмцэлд босоход хүргэв.


“Холбооны гэрээний бүх хувилбар нь хуучин дэг журмыг сэргээх, Горбачевыг өөрийг нь удирдагч хэвээр үлдээх тийм шинэ бүтцийг бий болгох зорилготой байсан” гэж Шушкевич ярьсан юм.


Шушкевич, Ельцин, Кравчук гурав Вискули эдлэнд цөөн тооны туслахуудын хамтаар 12 дугаар сарын 7-ны өдөр хүрэлцэн ирэв. Тухайн өдрүүдийн уур амьсгал түгшүүртэй байсан тухай уулзалтанд оролцогчид ярьдаг. Эрсдэл ихтэй гэдгийг бүгд мэдэрч байсан бөгөөд Горбачев хэрвээ хүсвэл “урван тэрсэлсэн” гэж буруутгаад тэднийг баривчилж болох байв.


Шушкевичийн ярьснаар, тухайн үед анчдын байшинд байсан Беларусийн КГБ-г удирдаж байсан Эдуард Ширковский ямар ч аюул байхгүй гэдгийг батлан хэлж байж. Харин он жилүүд өнгөрсөн хойно хуучинсаг үзэлт Ширковский ярихдаа тэднийг баривчлах тушаал өгөөгүйдээ харамсаж сууна.


АP агентлагт ярилцлага өгсөн Шушкевичийн ярьснаар бол, эрх мэдэл нь сулран хумигдаж байсан Горбачев өөрсдийг нь баривчлах оролдлого хийж чадахгүй гэдгийг тэрбээр мэдэж байжээ. “Горбачевын хулчгар занг тооцож үзэх юм бол ийм аюул байгаагүй, би лав түүнийг мэдрээгүй” гэж тэрбээр хэлсэн юм.


Харин Горбачевын өөрийнх нь ярьснаар, тэрбээр баривчилгаа явуулахаас татгалзжээ. Учир нь, тухайн үед байдал тун тогтворгүй байсан бөгөөд Зөвлөлтийн арми, хууль сахиулах байгууллагуудын дотор эв нэгдэл байгаагүй юм.


“Хэрвээ би ямар нэгэн хүчний байгууллагад түшиглэсэн бол цус урсгасан улс төрийн хурц хямралд зайлшгүй хүргэх байлаа” гэж хожим Горбачев дурсан бичжээ. 


Горбачев өөрийн заналт дайсан Ельцинийг “ЗХУ-ыг задлан бутаргахыг санаачлагч” гэж буруутгадаг. Харин 2007 онд 76 насандаа өөд болсон Ельцин  ярихдаа “ЗХУ үнэхээр задрахаас аргагүй байдалд орсон учраас би зөв үйлдэл хийсэн” гэж өөрийгөө зөвтгөж байлаа. Түүний хэлснээр бол, Беловежийн гэрээ нь төв засгийн газар ба тусгаар тогтнохыг эрмэлзэж буй бүгд найрамдах улсуудын хооронд хямрал дэгдээхгүй байх цорын ганц арга байжээ.


Тухайн түүхэн уулзалтанд оролцсон зарим хүний дурсан ярьснаар бол, ЗХУ задрахад хамгийн гол үүргийг  гүйцэтгэсэн хүн бол Украины удирдагч Л.Кравчук болой.  


8 дугаар сард гарсан төрийн эргэлт хийх оролдлогын дараа Украин тусгаар тогтнолоо зарласан нь Горбачевын эрх мэдлийг эрс сулруулав. Беловежийн хэлэлцээрийг байгуулахаас долоо хоногийн өмнө Кравчук Украины ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Санал хураалтанд оролцогчдын ихэнх нь Москвагаас тусгаарлахын төлөө санаа бодолтой байжээ. Анчдын байшинд болсон хэлэлцээний үеэр Кравчук маш хатуу байр суурь баримталж, ЗХУ-ыг шинэчлэх аливаа хувилбарыг эрс няцааж байв.

“Кравчук Украины тусгаар тогтнолд л хамаг анхаарлаа төвлөрүүлээд байсан. Санал асуулгаар Украин тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, 1991 оны 12 дугаар сарын 1-нд өөрийг нь Ерөнхийлөгчөөр сонгосныг тэрбээр бахархалтайгаар ярьж байсан” тухай Шушкевич хожим дурсан ярьсан нь бий.


Ельциний туслах асан Сергей Шахрай ярихдаа, Украинд болсон сонгууль нь ЗХУ-ыг задрахад гол үүрэг гүйцэтгэснийг онцлоод “тусгаар тогтнолын асуудлаарх санал асуулга ба ЗСБНХУ-ыг байгуулах тухай 1922 оны гэрээг хүчингүй болгох талаарх Украины Дээд Зөвлөлийн шийдвэр нь их гүрэн задрах үйл явцыг улс төр, эрхзүйн хувьд бүрмөсөн дуусгавар болгосон” гэдгийг дурдав.


Ельцин, Шушкевич хоёр эхэндээ “холбооны улсыг ямар нэгэн хэлбэрээр хадгалж үлдээе” гэж Кравчукийг ятгасан боловч тусгаар тогтнолын санал асуулгын дараачаас тэрбээр иймэрхүү үг яриаг сонсохыг ч хүсэхгүй байлаа. 


Гэрээнд гарын үсэг зурсныхаа дараа Ельцин, Кравчук хоёр Шушкевичэд хандан уг гэрээний талаар Горбачевт дуулгахыг хүсчээ. Ельцин ЗХУ-ын Батлан хамгаалахын сайд Евгений Шапошников руу утасдаж “Горбачев тушаал өгсөн ч гэсэн хүч хэрэглэхгүй байхыг” сайдаас хүссэн байна. Дараа нь Ельцин АНУ-ын Ерөнхийлөгч асан, эцэг Жорж Буштэй утсаар ярьжээ.


ЗХУ мөхсөнийг сонссон Горбачев хилэгнэн уурссан тухай Шушкевич дурссан байдаг. “Тэр үед Горбачев надад хандан захирангуй өнгө аясаар “дэлхийн хамтын нийгэмлэг юу гэхийг та мэдэж байна уу” гэж асуув. Хариуд нь би “мэдэж байна аа” гэлээ. Энэ үед тэрбээр Буштэй яриад эхэлчихсэн байсныг би сонсож байсан юм. Тэгээд “Ельцин энэ тухай Бушд хэлсэн, Буш ч эергээр хүлээж авсан гэдгийг хэлсэн


Горбачевыг огцруулахад хамаг анхаарлаа төвлөрүүлсэн гурван удирдагч хоорондын маргаанаа хойш тавьжээ. Гэвч хожим нь тэдний зөрчилдөөн ил гарч ирэх болно.


Хожим нь В.Путин ЗХУ-ын задарсан явдлыг “XX зууны геополитикийн хамгийн том сүйрэл” гэж нэрлээд, “ЗХУ задрах явцад Украин нь түүхийн үүднээс Оросод харьяалагдах ёстой мужуудыг шударга бусаар өөртөө нэгтгэсэн” гэж нэг бус удаа мэдэгдэж байв.


2014 онд эсэргүүцлийн хөдөлгөөний явцад Кремльтэй найрсаг харилцаатай Украины ерөнхийлөгчийг түлхэн унагасны хариуд Орос улс Крымыг өөртөө нэгтгэж, Украины зүүн нутагт дэгдсэн салан тусгаарлах үймээнийг дэмжих болов.


Путин хил дээр цэргийн хүчээ бөөгнөрүүлж “НАТО-гийн эвсэл Украин улсыг хэзээ ч эгнээндээ элсүүлэхгүй” гэсэн баталгааг Байденаас авах гэж оролдлоо. Америкчууд болон түүний НАТО-гийн холбоотнууд уг хүсэлтийг гүйцэлдүүлэх боломжгүй гэсэн хариуг өгчээ.


“Орчин үеийн Украин бол бүхэлдээ Зөвлөлтийн үеийн үр хөврөл бөгөөд түүхийн үүднээс харвал Орос улсын хүчинд байгуулагдсан. Нэг л зүйл тов тодорхой байгаа. Орос орныг үнэн хэрэгтээ тонон дээрэмдсэн” гэж Путин 7 дугаар сард нийтэлсэн өгүүлэлдээ дурджээ.


Б.Адъяахүү

Эх сурвалж: https://www.independent.co.uk/news/world/americas/us-politics/mikhail-gorbachev-ukraine-ussr-moscow-boris-yeltsin-b1971802.html

https://inosmi.ru/politic/20211209/251084503.html

 

 

 

Холбоотой мэдээ