АТГ-ын комиссарууд аймгийн Засаг дарга Д.Бауыржаныг хүлээн авч уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-02-23 22:28:00

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Энхболд, Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир нар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар тус аймагт гарч байгаа нийтлэг зөрчлүүд, тэдгээрийг давтан гаргахгүй байхад анхаарах, удирдах албан тушаалтны ёс зүй, манлайлал, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх тухай ярилцсан байна.

Авлигатай тэмцэх газарт 2021 онд иргэдээс ирүүлсэн авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах нийт гомдол, мэдээллийн 48 хувийг нийслэл, дүүргээс, 52 хувийг хөдөө, орон нутгаас ирүүлсэн байна. Үүнээс Баян-Өлгий аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн тоо харьцангуй өндөр хувийг эзэлжээ. Тухайлбал, 2020 онд аймаг, орон нутгаас ирүүлсэн гомдол, мэдээллийн 11.6 хувь, 2021 онд ирүүлсэн гомдол, мэдээллийн 23,4 хувь нь Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой байсан аж.

Тодруулж хэлэхэд, иргэд гомдолдоо хууль бус томилгоо, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй этгээдийг нийтийн албанд томилсон, төсвийн хөрөнгийн зарцуулалт, худалдан авах ажиллагаа, төрийн албан хаагчийн үйл ажиллагаа, Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, хамаарал бүхий этгээдтэй холбоотой тушаал шийдвэр гаргасан тухай дурджээ.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Бауыржан авлигын эсрэг хууль тогтоомжид заасан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг  онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ