Захын удирдлага, түрээслэгчдийг оролцуулан ажлын баг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-18 16:52:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод орших "Тирлик" захын зарим хэсгийн хуучин барилгуудыг буулгаж шинээр барихаар төлөвлөж байна.

Үүнийг тус захад худалдаа наймаа эрхлэгчид эсэргүүцэж байна. Учир нь зарим худалдаа эрхлэгчид орон байраа шинээр барьсан, зарим нь өмнөх түрээслэгчээс өндөр үнээр худалдаж авсан тул гаргасан зардлаа нөхөж амжаагүй, худалдаа наймаа 5, 6, 7 дугаар сард эрчимтэй байдаг, шинээр барих барилгын түрээс үнэтэй хэмээн иргэд эсэргүүцэж буй шалтгаанаа хэлэв.

Харин захын удирдлага зах байрлаж буй газрын хөрс ихээр бохирдсон нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон, тоосжилт ихтэй, ил задгай худалдаа, үйлчилгээ явуулж буй явдлыг цэгцэлж, захын орчныг сайжруулахын төлөө шинэ байгууламж барих гэж байгаа хэмээн тайлбарлаж байна.

Худалдаа наймаа эрхлэгчид  төв талбайд гарч эсэргүүцлээ илэрхийлж, улмаар аймгийн удирдлагуудтай уулзсан юм.

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан аль аль талдаа хохиролгүйгээр нэг ойлголцолд хүрэхийг хүсэж, захын удирдлагууд, худалдаа эрхлэгчдийн төлөөллүүд болон мэргэжлийн үнэлгээний байгууллагаас хүмүүс оролцуулан ажлын баг байгууллаа. Ажлын баг 10 хоног хамтран ажиллаж шийдэлд хүрэх ажээ.

Холбоотой мэдээ