Хуулийн төсөл: Намууд явцуу бүлэглэл байхаа болино

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-04-14 18:25:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/.                                               

Улс төрийн намуудыг хариуцлагатай, хяналттай, ёс зүйтэй болгон төлөвшүүлэх, намуудыг төр ард түмний гүүр болж чаддаг бодлогын институц болгоход чиглэсэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхэд бэлэн боллоо.


Улс төрийн намын тухай хуулийг анх 1990 онд баталж, 2005 онд шинэчилсэн найруулгыг баталсан байдаг. Харин 18 жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар УИХ-ын даргад өргөн мэдүүлээд байна.


Ер нь улс төрийн намуудын эрх зүйн орчныг сайжруулах, намуудын нийгэмд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, намууд зөвхөн нэг хэсэг бүлгийн эрх ашгийн төлөөх явцуу бүлэглэл бус, улс орны нийтлэг ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байх гэх мэт маш олон шаардлага нэгэнт бий болчихоод байгаа билээ. Энэ ч утгаараа улс төрийн хүрээнийхэн болоод олон нийт хуулийн шинэчилсэн найруулгад нэлээд ач холбогдол өгч байна.


“Нам нь улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана. Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно" гэж Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөд тусгасан. 


Энэ бүхнийг нэлээд сайн тодорхой болгон оруулж ирсэн хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлсэн энэ үед хамтад нь хэлэлцээд шийдчихвэл үр дүнд хүрэх юм.


Намуудын хөрөнгө орлогын эх үүсвэр, зарцуулалтыг ил тод, олон нийтийн хяналттай болгох эрх зүйн шинэчлэлийг яаралтай хийх шаардлагатай тухай асуудал улс төрийн хүрээнд ч, иргэд, олон нийтийн дунд ч байнга яригддаг.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021-2027 оны бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт “Улс төрийн намуудын шинэчлэлийг гүнзгийруүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, санхүүжилтийг шилэн болгох улс төрийн нам, улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиуд санаачилна" гэж заасан байдаг. Энэ ч утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч улс төрийн намын эрх зүйн шинэтгэлд анхаарал хандуулж парламентад суудалтай намууд болон бусад намууд, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийг 2022 оны 01 дүгээр сард байгуулсан юм. Ажлын хэсэг 10 гаруй удаа нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлага зохион байгуулж, Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 35 намаас хоёр удаа саналыг нь авсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ бол парламентад суудалтай намууд болон бусад намууд, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөлөл, олон нийтийн санал гээд бүх талын оролцоог хангаж боловсруулж чадсан хуулийн төсөл гэж үзэх бүрэн боломжтой.

 

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь долоон бүлэг, 46 зүйлтэй. Долоон бүлэгт, хуулийн зорилт, үйлчлэх хүрээ, нэр томьёоны тодорхойлолт, намд эвлэлдэн нэгдэх иргэний эрхээс өгсүүлээд намууд цахим орчинд үйл ажиллагаа явуулах тухай асуудлыг хүртэл тодорхой тусгасан юм байна. Нийгэм, цаг үеийн өөрчлөлтөө дагаад намуудын цахим орчинд хэрхэн ажиллахыг хуулиар зохицуулах зайлшгүй бий болоод байсныг шинэчилсэн найруулгад оруулж өгсөн нь сайн хэрэг.


Түүнчлэн улс төрийн намыг үүсгэн байгуулах, бүртгүүлэх, бүртгэхээс татгалзах, намын үйл ажиллагааг зогсоох, дэлхийн чиг хандлагыг тусгаж чаддаг дотоод ардчилалтай байх, хүний эрх, жендерийн тэгш эрхийг хангах, нийгмийн бүх түвшний сонирхлын бүлгүүдийн оролцоог дэмждэг байх бодлогын нам болж ажиллах асуудлыг ч тусгажээ. Улс төрийн намуудын хувьд санхүүжилтийн асуудал маш их маргаан дагуулдаг. Үүнийг мөн нарийвчлан заасан шилэн санхүүжилтийн зарчмыг шинэчилсэн найруулгаас харж болно.


Энэ хуулийн төсөл батлагдсанаар улс төрийн намын эрх зүйн орчин сайжирч олон талын эерэг үр дүн авчирна гэж хууль санаачлагч үзжээ. Төрийн тэргүүний хувьд улс төрийн намын шинэтгэлийг цогцоор нь, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод тулгуурлан хийх ёстой гэсэн байр суурь баримталж байгаа юм.


Манайд намуудын хариуцлага дээшлэх, санхүүжилт нь ил тод болох, намын гишүүдийн эрх, үүрэг, сахилга хариуцлага сайжрах, олон нийтийн хяналт нэмэгдэх гэх мэт асуудлууд яах аргагүй хүлээгдэж байсан. Эдгээрт чиглэсэн онцлох зохицуулалтуудыг оруулснаараа зөвхөн хууль шинэчлэгдээд зогсохгүй улс төрийн намууд бодлогын институц болж төлөвших, улс орны хэмжээнд бодлого дэвшүүлэн ажиллаж чаддаг байх, төрийн өндөр ёс зүйтэй алба хаагчийг бэлтгэдэг болох, ил тодоор санхүүжилтээ тайлагнадаг болно гэсэн үг.


Ингээд олон нийтийн хяналт сайжирчихвал төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард иргэдийн шууд оролцоо нэмэгдэхийн зэрэгцээ авлигын түвшин буурахад нөлөөлөх болов уу гэсэн хүлээлт байна. Нөгөө нэг үр дүн нь намууд хэсэг бүлгийн эрх ашгийн төлөөх явцуу бүлэглэл бус нийгэм, улс орны төлөөх үүргээ хангалттай биелүүлдэг, хариуцлагатай, бодлогын институц болоход эрх зүйн хувьд түлхэц болох талтай гэж үзэж болохоор.


Ямартаа ч ард иргэдийн намуудад итгэх итгэл үнэмшил суларсан энэ үед Улс төрийн намын тухай хуулийг зайлшгүй шинэчилж сайжруулах шаардлагатай байсныг ийнхүү УИХ-аар хэлэлцэж шийдэх түвшинд аваачиж чадлаа. 




Холбоотой мэдээ