Монголын эдийн засгийн форум-2023: Доминик Бартоны илтгэл ба зэсийн ирээдүй Рио Тинто-г Монголд хөтөлсөн нь…

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-07-10 16:36:48
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Рио Тинто группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Доминик Бартон өнөөдөр “Монголын эдийн засгийн форум-2023”-д хүндэт зочны илтгэл тавьсан юм.


Түүний илтгэл дэх Монголын нийгэм, эдийн засгийн цаашдын хөгжил дэвшилд хамаарах, зарим талаараа сургамж, зөвлөмж болохуйц онцлох санаануудыг товчлон хүргэж байна.


Нэг. Монгол Улсын хөгжлийн бат бөх суурь үзүүлэлтүүд

  • Монгол орны ирээдүй үнэхээр гэрэлтэй байна-Мянга мянган жилийн баялаг түүхтэй, хийж бүтээх хүсэл зориг, эрч хүчээр дүүрэн, ирээдүйн асар их нөөц бололцоотой орон.
  • Монгол бол эрч хүч оргилсон, нээлттэй, дэлхийн түвшинд сэтгэдэг улс. Улам бүр туйлширч буй дэлхий ертөнцөд гадаад болон эдийн засгийн ухаалаг бодлого явуулж буй хамгийн нэр хүндтэй улсын нэг билээ.
  • Монгол Улс дэлхийн улс орнуудтай найрсаг харилцаатай, олон улсын тулгамдсан асуудалд үргэлж жин өгсөж зодоглодог. Энхийг сахиулах үйл ажиллагаанд оруулж буй хувь нэмэр, дэлхийн түвшний асуудалд дэлхийн түвшний шийдэл гаргадгаараа энэхүү байр суурийг Монголчууд өөрсдөө олж авсан.
  • Ердөө өнгөрсөн сард гэхэд Монгол Улс эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын дэлхийн анхны бага хурлыг санаачилж, Улаанбаатарт зохион байгууллаа.
  • Монгол Улс дэлхийн тавцанд байр сууриа улам бэхжүүлж, дотооддоо эдийн засгийн хөгжлийг хангахыг эрмэлзэж байгаа энэ үед дэлхийн хандлагыг тодорхойлж буй томоохон хүчин зүйлсийн нөлөөг ойлгох нь чухал юм.

Хоёр.Дэлхийн хандлагыг тодорхойлогч томоохон хүчин зүйлс ба тэдгээрийн Монгол Улсад үзүүлэх нөлөө

  • Яг одоо биднийг чуулж байх энэ цаг дор дэлхийд асар том, хурдацтай өөрчлөлтүүд явагдаж байна. Магадгүй сүүлийн 300 жилд өрнөсөн хамгийн том өөрчлөлт нь ч байж мэднэ.  Тасралтгүй, улам бүр эрчилж буй дэлхийн түвшний таван хүчин зүйлс энэхүү өөрчлөлтийг тодорхойлж байна. Эдгээр хүчин зүйлс нь дангаараа л гэхэд улс орон, эсвэл компанийг орвонгоор нь өөрчлөхүйц нөлөөтэй. Гэтэл дангаараа бус хавсарч байгаа эдгээр хүчин зүйлстэй бид өмнө нь тулгарч байсангүй. Эдгээр таван хүчин зүйлсийг нэрлэвэл:

            Нэгт. Уур амьсгалын өөрчлөлт ба хүн төрөлхтний түүхэнд хөрөнгийн хамгийн том дахин хуваарилалтыг эрчимжүүлж                     буй эрчим хүчний шилжилт;

            Хоёрт. Геополитикийн томоохон өөрчлөлт ба шинэ даяаршил;

            Гуравт. Дэлхийн эдийн засгийн хүчний төв Азид шилжиж байна;

            Дөрөвт. Хөрөнгийн зах зээлийн өөрчлөлт-Хувийн эзэмшил дэх хөрөнгийн төвлөрлийн шилжилт, үүний нөлөөллийн                     жин;

            Тавд. Технологи, дижитал, хиймэл оюун ухаан, квантын тооцоолол,  болон нано технологид өрнөж буй хурдтай бөгөөд                     эрс өөрчлөлт.


  • Энэхүү өөрчлөлтийн цар хүрээ нь дор хаяж Аж үйлдвэрийн хувьсгалын үетэй дүйж байгаа мэт боловч хурдаараа хэд дахин илүү юм.
  • Энэ бүхэн тодорхойгүй байдал үүсгэж байгаа ч Монголын хувьд давуу тал бий болгож болох юм. Ялангуяа эрчим хүчний шилжилтээс улбаатай өөрчлөлт, дэлхийн эдийн засгийн төв Азид шилжиж байгаа, технологийн эрчимтэй дэвшил нь Монголын хөгжилд түлхэц юм.
  • Эрчим хүчний шилжилт энэ бүхний яг голд нь оршиж байна.  
  • McKinsey-ийн судалгаагаар бид 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарал шингээлтийн харьцааг тэглэхийн тулд дэлхийн ДНБ-ий 7.6% буюу жилд 9 их наяд гаруй евро зарцуулах шаардлагатай. Энэ нь өнөөдрийн бидний зарцуулж буй дүнгээс 3.4 их наяд еврогоор их юм.
  • Олон улсын эрчим хүчний агентлагийн судалгаагаар дэлхийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл ирэх 5 жилд өмнөх 20 жилийнхтэй дүйцэхүйцээр нэмэгдэнэ. Тус агентлагийн “Тогтвортой хөгжлийн хувилбарт таамаглал”-аар бидэнд дараах хэмжээний материалууд шаардлагатай аж. Үүнд: 2040 он гэхэд никелийн үйлдвэрлэлийн хэмжээг 2020 оноос 19 дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Харин литийн үйлдвэрлэлийг  2020 оныхоос 42 дахин нэмэх хэрэгтэй болно. Харин зэсийн тухайд гэвэл...
  • Олон улсын эрчим хүчний агентлагийн судалгаагаар хүн төрөлхтөн өнгөрсөн 100 мянган жилд 700 сая тонн зэс олборлож, боловсруулжээ. Гэтэл дэлхий дахинд ирэх 25 жилд нүүрсхүчлийн хийн ялгарал шингээлтийн харьцааг тэглэж, ДНБ-ий 3.5 хувийн өсөлтийг хангахын тулд 700 гаруй сая тонн зэс шаардлагатай болно.
  • Энэхүү зэсийн ирээдүй л Рио Тинто-г Монголд хөтөлсөн…

Гурав.  Монголын зэс болон чадварлаг хүний нөөц Хөгжлийн хурдасгуур болох нь

  • Монгол орны зэс, байгалийн бусад баялгийг орчин үеийн дэвшилтэт технологитой зөв хослуулж чадвал эрчим хүчний шилжилт, хурдацтай явагдаж буй технологийн өөрчлөлтөөс үр шим хүртэх боломж Монголчуудын өмнө байна.
  • 2030 он гэхэд Оюу Толгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох төлөвтэй байгаа.
  • 2010 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд Оюу Толгой төсөлд зориулж 15.4 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулаад байна. Бид уурхайг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах мөч ойртсоор байгаа энэ үед ч хөрөнгө оруулсаар байна.
  • Өдгөө 20 гаруй мянган залуу Оюу Толгой төслийг цогцлоож байна. Тэдгээрийн 97 хувь нь Монголчууд, түүгээр барахгүй удирдлагын багийн 90 хувь нь мөн л Монголчууд байна. Үүний дүнд Монгол Улс блокчлон олборлох аргаар дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг хэдийн болжээ.
  • Монголын ирээдүйд бид бүрэн дүүрэн итгэж байгаагийн хамгийн том шалтгаан бол Монголын ард түмэн. 

Дөрөв. 2050 оныг өнөөгийн өнцгөөс ярих нь

  • Аялал жуулчлалын салбар-Монголчууд өөрсдийн давуу талаа ашиглаж байгаа-халуун дулаан, найрсаг ард түмэн, үнэхээр үзэсгэлэнтэй байгаль, өвөрмөц соёлтой. Засгийн газар энэ давуу талаа сурталчлан таниулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Улаанбаатарын шинэ нисэх буудал дээр буухад визгүйгээр Монголд нэвтрэх боломжтой болсон орнуудын жагсаалтыг харахад сайхан байлаа. Миний сонссоноор 58 орны иргэд Монгол руу визгүй, хялбар зорчих боломжтой болсон юм байна. Энэ зун л гэхэд Улаанбаатар руу долоо хоногт хоёр талдаа 100 гаруй нислэг хийгдэж байгаа гэж дуулсан.
  • Хөдөө аж ахуй-Монголын ноолуур тансаг зэрэглэлийн, нэмүү өртөг шингэсэн дэлхийд зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн хэдийн болжээ. Монголын махны чанар, сүү, сүүн бүтээгдэхүүн байгальд ээлтэй хөдөө аж ахуйн ухаалаг бизнесийн орон зай тэлж буй энэ үед экспортын өсөлтөд томоохон нөлөө үзүүлэх боломж дүүрэн байна.
  • Технологийн өөрчлөлт-Монголын технологийн салбар, бүтээлч үйлчилгээ дэх сүүлийн жилүүдэд гарч буй амжилт Улаанбаатар хотыг олон улсын бизнесийн үйлчилгээний нэг чухал төв болгох бааз суурийг бий болгох бүрэн боломж байна. Рио Тинто ч энэ боломжийг хараад өдгөө ашиглаж байгаа.  
  • Эрчим хүчний шилжилт-Монгол Улс 5.4 тераватт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломжтой талаар Азийн хөгжлийн банк тайландаа дурджээ. Энэ бол АНУ 2022 онд хэрэглэсэн цахилгааны хэмжээнээс илүү гэсэн үг. Ийм учраас Монгол Улс нар болон салхины эрчим хүчний экспортоор дэлхийд тэргүүлэгч орон болох боломж бүрэн дүүрэн байна гэж би харж байна.

Дүгнэлт

  • “Алсын хараа 2050” баримт бичиг, Засгийн газрын өмнөө тавьсан өндөр зорилгын цар хүрээг харахад Оюу Толгойтой ганзага хоршин зам зурайлгахаар байгаад баяртай байна. Уртын замд манай хөрөнгө оруулалт чухал тулгуур байх нь ойлгомжтой. 2028 он гэхэд Оюу Толгой жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэнэ. Энэ нь жилд 6 сая цахилгаан машин үйлдвэрлэхэд хангалттай хэмжээний зэс.
  • Рио Тинто Монголд хүлээлтэд үргэлж хүрч ажиллаж чадаагүй гэдгийг миний бие бүрэн ойлгож, ухамсарлаж байгаа. Бид үүнээсээ суралцаж ажлаа улам сайжруулахын төлөө хичээн ажиллана. Бид өнөөдөр урт хугацаанд хөрөнгө оруулах ёстой. Туулах зам маань үргэлж дардан байхгүй ч бидний түншлэл нэгдсэн нэг хүсэл тэмүүлэл, алсын хараанд тулгуурласан бол энэ зам тийм ч хэцүү биш гэдгийг хэлмээр байна.
  • Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй компанийн хувьд Монголын эрмэг хүсэл тэмүүллийг бодит ажил хэрэг болгох үйлсэд хувь нэмрээ заавал оруулах ёстой. Монгол Улс зорьсон зорилтдоо хүрэхэд бид урт хугацааны хариуцлага хүлээсэн компанийн хувьд хувь нэмрээ оруулах бүрэн дүүрэн хүсэл эрмэлзэлтэй байна.
  • Монголыг урагш цахилж буй улс гэдгийг бататгах гайхам боломж, чадварлаг боловсон хүчин, хүссэндээ хүрэх эрмэлзлийг энэ сайхан улсад удаан хугацаанд ажиллах хүсэлтэй компани бүр олж харна гэдэгт бат итгэлтэй байна.
Холбоотой мэдээ