Үр тарианы хэлцлийг цуцлах үндсэн шалтгаан, үр дагавар

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-07-19 12:33:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүтэн жилийн турш хэрэгжсэн “үр тарианы хэлцэл”-ийн үйлчлэх хугацаа даваа гарагт дуусгавар боллоо. 


Албан ёсоор “Хар тэнгисийн үр тарианы санаачилга” гэдэг нэртэй уг хэлэлцээрийг байгуулахад НҮБ, Турк хоёр зуучилсан бөгөөд Орос-Украины дайны улмаас зогсоод байсан Украины үр тарианы тээвэрлэлтийг сэргээж, ингэснээр дэлхий даяар дэгдээд байсан хүнсний хямралыг сааруулан зогсоох зорилготой байв.


Тодруулбал, 2022 оны 7 дугаар сарын 22-нд Турк, НҮБ, Орос ба Украины хооронд байгуулсан хэлцэл ёсоор Хар тэнгис дэх Украины 3 боомтын орчимд дайтагч талууд байлдааны ажиллагааг зогсоож, эдгээр боомтоос үр тариа тээвэрлэж буй хөлөг онгоцуудад зориулан Босфорын хоолой хүртэл аюулгүйн коридорыг нээжээ.


Өнгөрсөн нэг жилийн хугацаанд уг коридороор дамжуулан 32 сая тонн үр тариа тээвэрлэсэн нь 18 тэрбум ширхэг талх үйлдвэрлэхэд хүрэлцэх юм. Нийлүүлэлт нэмэгдсэнээр дэлхийн зах зээлд үнэ тогтворжсон нь ядуу буурай улс орнуудын хувьд хүнсний хямралыг даван туулахад нь ихээхэн тус нэмэр боллоо. Тухайлбал, үр тарианы хэлцлийг хэрэгжүүлснээр дэлхийн зах зээл дэх нөхцөл байдал энэ онд илт сайжирч, 2022 оны 3 дугаар сартай харьцуулахад хүнсний бүтээгдэхүүний үнийн индекс 23 хувиар буурсан байна.


Ашиггүй хэлцлээс Орос татгалзсан нь


Харин 13-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдэхдээ, үр тарианы хэлцлийн дагуу Орос улсад өгсөн амлалтаа бусад оролцогчид биелүүлэх хүртэл Оросын тал уг хэлцлээс гарна гэдгийг анхааруулав.  


Мөн Гадаад хэргийн сайд С.Лавровын хэлснээр, хэлцэлд тусгагдсан Оростой холбоотой ганц ч зүйл заалт хэрэгжээгүйгээс гадна Украинаас экспортолсон үр тарианы ихэнх хэсгийг ядуу буурай орнууд руу бус харин Барууны орнуудад нийлүүлсэн байна. Үр тарианы хэлцлийн хэрэгжилтийг хянаж буй,  Истанбулд байрладаг Хамтын зохицуулах төвөөс мэдээлсний үзвэл, ядуу буурай орнууд хэлцлийн хүрээнд нийлүүлсэн эрдэнэшишийн 10 хувь, улаан буудайн 40 хувийг худалдан авсан бол ихэнхийг нь барууны чинээлэг орнууд руу гаргажээ.   


Хэлцэлд оролцогч талууд Орос улсад таван амлалт өгсөн нь 1. Оросын Россельхоз банкийг олон улсын төлбөрийн SWIFT системд дахин холбох 2. Хөдөө аж ахуйн техникүүд, тэдгээрийн сэлбэг хэрэгслийг Оросод нийлүүлэхэд тавьсан хоригийг цуцлах 3. Тольятти-Одесс чиглэлийн аммиак дамжуулах хоолойг сэргээн ажиллуулах 4. Хүнс ба бордоо тээвэрлэх бизнес эрхэлдэг Оросын компаниудын Европ дахь актив ба дансуудыг царцаасан байгааг чөлөөлөх 5. Оросын үр тариа, бордоог тээвэрлэж буй хөлөг онгоцуудын даатгал, давхар даатгалтай холбоотой хоригуудыг цуцлахтай холбоотой байлаа.


Оросын төрийн тэргүүн хэлэхдээ, эдгээр амлалтыг биелүүлсэн тохиолдолд хэлцлийн хугацааг сунгахад Москва бэлэн гэдгийг мэдэгджээ.  Оросын хувьд уг хэлцэл ямар ч үр өгөөжгүй байсан учраас түүнээс татгалзлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй, ямар ч хохирол учрахгүй. Харин ч өнгөрсөн хугацаанд оросууд Каспийн тэнгис, Иранаар дамжуулан “Умард-Өмнөд” гэдэг коридороор үр тариагаа тээвэрлэж эхэлснээс гадна зөвхөн Оросын нутгаар дайран өнгөрөх “Тольятти-Тамань” чиглэлийн аммиак дамжуулах хоолойг барьж дуусгах дөхөж байна. Хэлцлээс татгалзсан тус улс одоо үр тариагаа хааш нь экспортлохоо чөлөөтэй шийдэх болно. 


Оросын тал хэлцлээс татгалзсан тухайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен хэлэхдээ “Орос улс Украины эсрэг дайнд хүнсийг зэвсэг болгон ашиглаж байгаа нь жудаггүй үйлдэл” гэж буруушаалаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш мэдэгдэхдээ, Орос улс хэлцлээс гарсанд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.


Украины хүртсэн ашиг ба байр суурь


Тус улсын хувьд хэлцлийг үргэлжлүүлэх нь ашигтай бөгөөд ингэснээр газар тариалангийн салбараа дэмжиж, төсвийн орлогоо нэмэгдүүлэх сонирхолтой байгаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Украин 50,6 сая тн үр тариа экспортлосноос 32,8 сая тн-ыг нь далайгаар тээвэрлэж, нийт 9,8 тэрбум долларын орлого олсон байна.

Үр тариа ачсан хөлөг онгоцууд Босфорын хоолойгоор нэвтрэхээр дугаарлаж байна 

Ерөнхийлөгч В.Зеленский Истанбулд айлчлах үеэрээ, Оросын байр сууриас хамаарахгүйгээр “Хар тэнгисийн үр тарианы санаачилга”-ын хугацааг сунгах төдийгүй өргөжүүлэхийг уриалсан байна. Украинчуудын төлөвлөж байгаагаар бол, Румын, Болгар, Туркийн эдийн засгийн бүсүүдээр дамжуулан үр тариа зөөвөрлөх өөр хувилбар бий ажээ. Жишээ нь, Румыний талтай тохиролцсоноор Дунай мөрнөөр сард 2 сая тн үр тариа тээвэрлэх боломжтой. Мөн авто ба төмөр замаар зөөвөрлөх боломжтой, гэхдээ Хар тэнгисээр тээвэрлэхгүйгээр энэ оны шинэ ургац, өмнөх оны үлдэгдлийг борлуулахад маш хэцүү гэдгийг Украины Газар тариалангийн зөвлөлийн дэд дарга Д.Марчук хүлээн зөвшөөрлөө.  


Туркийн байр суурь


Үр тарианы хэлцэл хэрэгжих явцад Турк улс нэг ёсондоо хүнс-үр тарианы хаб болж хувирснаар эдийн засгийн багагүй ашиг хүртсэн нь ойлгомжтой. Нөгөө талаас, дайтагч талуудыг хэлэлцээний ширээний ард суулгаж, зөвшилцөлд хүргэж чадсанаараа ерөнхийлөгч Р.Эрдоган “энхийг дэмжин сахиулагч” гэсэн имижтэй болсон. Хэлцлийн нөхцлүүдийг биелүүлэх тал дээр Москватай ижил байр суурьтай байгаа гэдгээ Туркийн эрх баригчид хэдэнтээ мэдэгдэж байв. Тухайлбал, Оросын үр тариаг худалдан авч гурил үйлдвэрлээд Африкийн ядуу орнуудад нийлүүлэхэд бэлэн гэдгээ Р.Эрдоган илэрхийлж байсан боловч түүний санаачилга дэмжлэг аваагүй юм.


Оросын гаргасан шийдвэрт харамсаж байгаагаа Туркийн эрх баригчид илэрхийлсний сацуу Оросын үр тарианы экспортод учирч буй саад тотгорыг арилгахад тус дөхөм үзүүлнэ гэдгээ мэдэгджээ. Харин Туркийн хэвлэлүүд тэс ондоо байр суурийг, тодорхой хэлбэл “Оросын оролцоогүйгээр үр тарианы хэлцлийг үргэлжлүүлэх боломжтой, Туркийн байлдааны хөлөг онгоцууд Украины үр тариаг ачсан хөлөг онгоцуудыг дагалдан хамгаална” гэх мэт мэдээллийг түгээж байна.    


Үр тарианы хэлцлийг цуцалсны үр дагавар


Украины үр тариаг далайгаар тээвэрлэхийг зогсоосноор биржийн үнэ хэлбэлзэх нь гарцаагүй. Эрдэнэшиш, улаан буудайн үнэ хэдийнэ өсөөд эхэлсэн бөгөөд одоо 515 долл/тн байгаа эрдэнэшишийн үнэ ойрын үед 650 долларт хүрч, харин 575-680 долларын хооронд хэлбэлзэж буй улаан буудайн үнэ 750 долларт хүрнэ хэмээн зах зээлийн шинжээчид таамаглаж байна. 


Холбоотой мэдээ