Catholic Herald: Монгол Улсын дэлхийн энх тайвны төлөөх хувь нэмрийг Пап Францис магтан сайшаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-09-03 15:43:26

УЛААНБААТАР. /Catholic Herald/. Пап Францис ОХУ, БНХАУ-тай хиллэдэг Монгол Улсад айлчлах үеэрээ тус улсын энх тайвны төлөөх гадаад бодлогыг сайшааж, “дайны хар үүлс сарнин алга болоосой" хэмээн чангаар залбирлаа.


Хэдийгээр тэргүүн хамба Украинд үргэлжилж буй дайны талаар тусгайлан дурдаагүй боловч дам утга нь илэрхий харагдана.


Пап лам Монголын нийслэл Улаанбаатар хотод эрх баригчдад хандан үг хэлэхдээ, Өргөн хүрээний дипломат харилцаатай, НҮБ-ын идэвхтэй гишүүн Монгол Улсын хүний эрхийг дээдлэх, энх тайвныг цогцлоохын төлөөх хүчин чармайлтыг өндрөөр үнэлэв. Энэхүү хүчин чармайлт нь Ази тивд төдийгүй олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тэрбээр цохон тэмдэглээд, Монгол Улс дэлхий нийтэд цөмийн зэвсгээс ангид улс болохоо зарласнаас гадна 2015 онд цаазаар авах ялыг халах шийдвэр гаргаж, улмаар 2016 оны долдугаар сард уг хууль албан ёсоор хэрэгжиж эхэлснийг сайшаалаа.


Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой, ардчилсан улс төдийгүй даян дэлхийн энх тайвны төлөө хувь нэмрээ оруулах эрхэм зорилго тээж яваа улс юм” хэмээн Пап Францис нэмж хэлэв.


Монгол нь Хятад, Орос хоёртой газарзүйн байршлын хувьд ойр оршдог тул хоёр их гүрэнтэй харилцах харилцаа нь нэн чухал ач холбогдолтой, гэхдээ тус улс АНУ зэрэг бусад улс оронтой нягт харилцаа тогтоож, “гуравдагч хөрш”-ийн бодлогыг явуулсаар ирсэн билээ.


Монголын бүх овог аймгуудыг нэгтгэж дэлхийн хамгийн том гүрнийг байгуулсан Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой энэ онд тохиож байгааг Пап Францис тэмдэглэн хэлээд, Энэхүү эзэнт гүрэн тийм хол, тийм олон янзын газар нутгийг хамарч, тэр их уудам нутаг дэвсгэр дээрх олон ард түмний онцгой авьяас чадварыг үнэлж, улс иргэнийг засан тохинуулах их албанд тохоон томилж байсан явдал бол танай өвөг дээдсийн гайхамшигт чадварын гэрч баримт юм” хэмээн хэллээ.


Тэрбээр цааш нь хэлэхдээ, “Энэхүү арга ухаан бидний цаг үед ч үнэ цэнтэй хэвээр байгаа бөгөөд сэргээн хэрэглэх боломжтой. Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ үед дэлхийг тэнгэр ивээж, “Монголын их амар амгалан” цогцолж, аливаа зөрчил тэмцэл үгүй болоод байсан тэр нэгэн цаг үетэй адил олон улсын хууль эрх зүй, хэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай” хэмээн ерөөв.


Мөн монголчуудын “Үүл нүүж тэнгэр цэлмэнэ” хэмээх зүйр үгийг эш татаад, ах дүү мэт зэрэгцэн орших хүсэл тэмүүллээр дайны хар үүл сарнин арилж, зөрчил тэмцэл яриа хэлцлээр шийдэгдэж, хүн бүрийн суурь эрх батжин бэхжих болтугай. Арвин баялаг түүхтэй, тэнгэрт ивээгдсэн энэ улс орноос Дээд тэнгэр амар амгаланг соёрхон бэлэглэхийг эрэн хүсье, бүгд хамтдаа ирээдүйн энхийн төлөө хичээнгүйлэн зүтгэцгээе хэмээн уриаллаа.


Эх сурвалж: Pax Mongolica: Pope Francis praises the unifying legacy of Genghis Khan - Catholic Herald

Холбоотой мэдээ