Энэтхэгийн буугч, явагч аппаратууд “унтаа горимд” шилжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-09-05 10:31:19

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Саран дээр Нар жаргаж эхлэхтэй зэрэгцэн Энэтхэгийн сарнаа буугч, явагч аппаратуудыг “унтаа горим”-д шилжүүлсэн тухай тус улсын Сансрын судалгааны байгууллага /ISRO/ мэдээлэв. 


Тэдгээрийг “унтаа горим”-д оруулсан бөгөөд “нарны эрчим хүч дуусаж, цэнэг хураагуурын зай дууссаны дараа бие биенийхээ дэргэд “унтана”, харин Саран дээр дараагийн өдөр эхлэх үед буюу 9-р сарын 22-ны орчимд сэрнэ гэж найдаж байна. Буугч болон явагч аппаратуудыг нарны гэрлээр цэнэглэдэг.


“Прагяан” нэртэй сарнаа явагчийг тээсэн “Викрам” буугч аппарат наймдугаар сарын 23-нд Сарны харьцангуй бага судлагдсан өмнөд туйлд газардсан юм. Ингэснээр Энэтхэг улс Сарны өмнөд туйлд сансрын аппаратаа газардуулсан анхны улс, АНУ, ЗХУ, БНХАУ-ын дараа Саран дээр аппаратаа зөөлөн газардуулж чадсан 4 дэх улс болсон билээ.


Энэтхэгийн сансрын агентлагийн зүгээс буугч болон явагч аппаратын хөдөлгөөн, судалж мэдсэн зүйлсийнх нь талаар тогтмол мэдээлэл өгч, тэдгээрийн авсан зургуудыг дэлгэн үзүүлсээр байгаа юм. ISRO” даваа гаргийн өглөө хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгөхдөө “Викрам” Саран дээр дахин зөөлөн газардсан!” гэжээ. Үүнийг тодруулбал, “Чандраян-3”-ын буугч аппаратад “хөдөлгүүрээ асаах" тушаал өгсний дараа гадаргуугаас 40 орчим см дээшилж, 30-40 см зайд газардсан байна. “Хөөрч буух энэхүү туршилт амжилттай болсноор ирээдүйд Сарнаас дээж авчрах, сансрын нисгэгчдийг Саран дээр буулгахад ашиглах боломжтой” гэж “ISRO” мэдэгдсэн байна.


“Чандраян-3”-ын Саран дээр газардах хугацааг дэлхий дээрх дөрвөн долоо хоногтой тэнцэх сарны өдрийн эхлэлтэй давхцуулахаар сайтар төлөвлөжээ. Ингэснээр буугч болон явагч аппаратууд 14 хоногийн турш нарны гэрэлд цэнэг хураагууруудаа цэнэглэх боломжтой болно гэж тооцоолсон байна. Одоо хоёр аппарат бүх даалгавраа биелүүлсэн гэдгийг “ISRO” мэдээлжээ.


Энэтхэгийн сансрын агентлаг эхэндээ дэлхий дээрх хоёр долоо хоногтой тэнцэх шөнө болоход буугч, явагч аппаратууд ажиллахаа болино гэж мэдээлж байв. Гэвч сарны дараагийн өдөр эхлэхэд тэд “дахин сэрэх” боломжтой хэмээн судлаачид хэлж байна. Тухайлбал, Хятадын “Чанъэ-4” буугч аппарат болон “Юйту-2” явагч төхөөрөмж нь Саран дээр Нар мандахтай зэрэгцэн хэд хэдэн удаа сэрсэн билээ.

 


Холбоотой мэдээ