Аялал жуулчлалын хужир Хавана

ТОЙМ
b.tuul@montsame.gov.mn
2023-09-29 12:58:37

Улаанбаатар2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Тэртээд үзэгдэх гудамжны үзүүрийн зүг хараа сунган харваас Гулливерийн урт хөл шиг нүүрэн талдаа босгоноосоо тотгоо хүртэл огтоос залгаагүй тулгууран баганат барилгууд ирийтэл үзэгдэх нь Хавана хотын сэтгэл татам дүр төрх билээ.


Энэ хотыг босгосон, босголцсон тухайн цаг үеийн хүмүүн бүр яавал гоёмсог бөгөөд эрхэмсэг боржин баганат барилга барьж, хэний охин, хэний хүү, хэдий хэрийн барилгачин болохоо харуулах гэж өдрийн уртад бодолхийлж, шөнийн богинод нойроо хугаслан хоносны эцэст эдгээр гайхамшигт барилга сүндэрлэсэн болов уу хэмээн тэрхэн зуур бодогдов. 


Магад тэр цагт “Хосе чи ичээч. Энэ овоолсон шороогоо нурааж, Куба хүний эрхэм нэр төрийг цэвэрлээч” гэх юм уу эс бөгөөс “Роберто хүү минь, чи энэ цагийнханд төдийгүй ирээдүй үеийнхэнд өөрөө өөрийнхөө хэн болохыг батлан харууллаа. Хавана чамайг мөнхөд дурсах болно” хэмээн бахархалтайгаар дуу алдсан, нөгөө бол уур цухлаа барьж ядсан хэн нэгний яриа хөөрөө хараал ерөөлөөр хачирлагдан энэ л барилгуудын аль нэг булан тохойд өрнөж байсан шиг төсөөлөгдөнө. Таван зуун жилийн түүхтэй Хавана хотын энэ бүх сүрлэг багана бүхий барилгууд дунд Капитол ноёлогхноор оршин байх авай.


Капитол гэдэг нь нүүрэн тушаагаа баганаар чимсэн бөмбөгөр оройт барилга юм. Хотын ихэнх дүүргээс Капитолын орой сүндэрлэн харагдана. Уг барилгыг Кубын Ерөнхийлөгч Жерардо Мачадогийн захиалгаар барьжээ. Барилга угсралтын ажилд 5000 гаруй ажилчин гар бие оролцож, яг гурван жил, гурван сар 20 хоног зарцуулж, тухайн үеийн ханшаар 17 сая америк доллар зарцуулсан байна. 1926-1929 оны хооронд барьж дуусгасан энэхүү барилга зуугаад жилийг ардаа орхисон ч өдгөө Хавана хотын сүр хүчийг илтгэн, он цагийн тоосонд даруулсан янзгүй суурин дээр лавхан “суух” болой. 


Толгой эргэм тансаглал, бүтэж үхмээр чамирхал, их мөнгөний цацлага, хөгжил дэвшлийн хаялга, эрчимт хөдөлгөөний бөглүүхэн дуу хоолой, давтамж үелзэл энэ хотын өнцөг булан бүрд шингэжээ. Тэр цагийн дуун үес үест тасалдангуй авиа болж сонсогдоно. Тийм л нэг сэтгэл эмзэглэм сулханаас сулхан чимээг олж сонсох бүрд баганат барилгын өрсөлдөөн дундаас бүтсэн эл  хотын тэсэрч бургилсан ид цэцэглэлтийг нүдээр үзсэн ч болоосой гэх сэтгэгдэл голт зүрхнээс гогдоно.


Хавана хотынхон хэзээнээсээ тансаг зэрэглэлийн машин унадгаараа алдартай. Кубыг зорьсон хэн боловч Хаванад тэрхүү машинуудыг унах боломж хангалттай олдоно. Час улаан, номин ногоон, усан цэнхэр, нил хөх, тод шар, тэр битгий хэл бяцхан охидын сонгодог өнгө болох улбар ягаан өнгөт хуучны тэргийг унаж яваа эрчүүд голдуу жолооч нар засмал замаар хурдална. Дотор заал нь зай ихтэй тул хойд суудалд нь гурван хүн чихэлдэхгүйхэн шиг багтана. Хот тойрсон энэ үйлчилгээг авсан жуулчид гар утсаараа бичлэг хийж, цагийг хөгжилтэй бөгөөд тансаглаж өнгөрүүлнэ. Манай хотод хүмүүс тод өнгийн машин тэр бүр унадаггүй болоод тэр үү, бүрх духлуулсан хүдэр бор өвгөцүүл тэдгээр тэргийг унаж явааг харахад хүүхэлдэйн киноны ертөнцөд үсрээд орчихсон мэт. 


Явдлын далимыг тааруулаад “El Garage” гэх тансаг зэрэглэлийн автомашины музейгээр хальтхан ороод гарав. Хоёр давхар байгууламж бүхий уг музейд хуучны тэргээс гадна автомашины бичил загварууд, мотоцикль, шатахуун түгээгүүр, элдэв дугаар, эд анги, машинтай холбоотой гэрэл зургууд байх аж. Машин тус бүрийн хажуугийн баганыг ороож байршуулсан шар өнгийн хавтанцар дээр Форд, Уиллис, Ягуар, Ройс Роллс, Пежо гэхчлэн машины төрөл, хэдэн онд үйлдвэрлэсэн, моторын хүчин чадал гэх мэт мэдээллийг товчхноор бичсэн байх юм. Тэдгээр машины маяг гэж юу гэх вэ. Унаа тэргэнд сэтгэл татагддаггүй би хүртэл нүдээ унагачих шахсаныг бодвол төмөр хүлгийн хоббитой нөхдүүд бол тэсгэл алдаж түрийвчээ тэмтэрмээр газар байсан даа. 


Тэр бүх загвар хэдээр үнэлэгдэх бол гэж бодлоо. Магад үнэлэгдэх боломжгүй байх. Учир нь, саяхан манай улсад айлчлаад буцсан Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын тус улсад айлчлахдаа унасан машин тэнд байх юм. Пап Кубад хоёр ч удаа айлчилсан юм байх. Айлчлалынхаа дараа унаж явсан машинаа бэлэглэж л дээ. Папын машин өөрийнх нь өмсгөл шиг цав цагаан өнгөтэй, анх харсан хүнд гойд онцгойрох зүйлгүй ч нүүрэн талдаа босоо шилэн хаалттай. Бодвол Пап машин дотроо зогсож явахад нар салхи, элдэв халдлагаас хамгаалсан зориулалттай үйлдвэрлэгдсэн хэрэг байх. Ийм тэрэг гурвыг ч зэрэгцүүлэн үзмэрийн зогсоолд байрлуулсан байв. 


Куба бол өндөр чанартай навчин тамхины орон. Яагаад ч юм бэ, надад навчин тамхи хамгийн түрүүнд Английн Ерөнхий сайд агсан Уинстон Черчиллийг санагдуулдаг. Хар хослол, хавчиг бүрх малгайтай Черчилль сигар тамхи хоёрын догь хоршилыг дэлхий нийтээрээ мэдэх тул нэмэлт тайлбар хийх нь илүүц юм. Навчин тамхи буюу сигар тамхины үйлдвэрлэл нь Куба Улсыг, ялангуяа Хавана хотыг тухайн цаг үедээ дэлхийн чинээлэг хотуудын нэг болгосон түүхтэй. Тиймээс навчин тамхи нь жуулчдын сонирхож шохоорхох зүйлсийн нэгд зүй ёсоор багтана. 


Сигар тамхи нь манайхны өнжмөл ааруулаас өнөө зуны хурууд гэдэг шиг өөр өөр. Орц найрлагаасаа хамаарч, үнийн хувьд ялгаатай. Архаг тамхичид татахаар хатуухан төрөл байхад анхлан татагчдад зориулсан зөөлөн тамхи байх. Навчин тамхийг эхлээд урд талаас нь таславчаар тасалж асаана. Асахдаа удаан. Брэндийн дэлгүүрээс энэ төрлийн худалдаа хийж болох ч юмаа мэддэг хүн бол гар дээрээс худалдан авч болох юм. Гэвч хилээр гарсан тохиолдолд гарал үүслийн лацгүй тохиолдолд хураагдах магадлалтай. 







Кубачууд мөнхүү ром архи, кофегоороо алдаршсан ард түмэн. Гэлээ гэхдээ архи тамхины хэрэглээ багатай улс шиг байна билээ. Үүний оронд дуу бүжгийн өгөгдөл өндөртэй хүмүүс шиг санагдсан. Шагшуурганы сэгсрээ, бөмбөрийн цохилт дээр алга ташилтыг нэмж, нэгэн хэмнэлд оруулахад л өндөсхийн босож ирээд юу юугүй дуулж бүжиж мэдэхээр хүмүүс байж билээ. Бурхан хүртэл ташаан толгойгоо хөдөлгөөд танц хийж яваг гэсэн шиг олонхоороо илүү дутуу махгүй, эрүүл чийрэг хүмүүсийг Кубад ялгаад төрүүлчихэж. Ямартаа ч энэ улсад ахиухан хугацаагаар амьдарвал румба, ча-ча-ча, салса бүжгийн аль нэгнийх нь сургалтад бүртгүүлэхгүй бол нүгэл болохоор газар даа.


Хавана хотын төвөөр хэд тойрлоо. Тойрох бүрд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Морро цайзын үзэмжийг олж харна. Энэ нь Испани Улсаас Латин Америкийн бүс нутагт байгуулсан хамгийн том бэхлэлт аж. Нийт 15 км урт үргэлжлэх бөгөөд хэмжээгээрээ дэлхийд тавдугаарт жагсдаг. Орой бүр 9 цагаас түүхэн уламжлалаа үргэлжлүүлж, Хаванагийн боомтын хаалгыг хаах дохио болгож ёслолын буудлага хийдэг аж. Энэхүү бэхлэлт цайзад жил бүр олон улсын номын үзэсгэлэн, Латин Америкийн гар урлалын худалдаа, Биенал олон улсын урлагийн үзэсгэлэнг зохион байгуулдаг. Бид цайз дотор орж үзье гэвч оройтсон байв.


Цайзын яг хажууд Есүс Христийн цагаан гантиг хөшөө сүндэрлэнэ. Өндөр нь 20 метр, бүс нутагтаа Бразилийн Рио де Жанэйро хотод байрлах 36 м-ийн өндөртэй Есүс Христийн хөшөөний дараа хоёрдугаарт жагсдаг. Нэгэнт харанхуй бүчсэн тул хөшөөний дэргэдээс үдшийн Хаванаг тольдов. Олон барилга дундаас Капитол онцгойрсон хэвээр гэрэлтэж харагдана. Амар тайван Хавана бүр ч амгалан болсон шиг нам гүмд автуулна. 


Тус хотын түүхэн дурсгалт хуучин Хавана дүүргийг 1987 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэсэн аж. Жуулчны гудамжаар нь явж үзлээ. Хөндлөнгөөрөө ойролцоогоор найман алхамд багтахаар, урт нарийн гудамжуудаар алхаж явахад кубачуудын  бодит амьдралтай шууд нүүр тулна. Тагтан дээрээс унжуулсан хүүхдийн баривчнаас эхлээд хөнжил бүтээлэг хүртэлх элдэв угаасан зүйлсийн доогуур алхаж явахад, нимгэн хөнгөн хувцасласан ахмадууд чулуун довжоон дээр суух бол залуус бөөн цөөнөөрөө зогсох аж. Дараагийн гудам руу ороход өмнөхөөсөө нэг их өөр бус, махир тахир гудамж ээлж ээлжээр үргэлжилнэ. Тэдгээр гудамжны хананд Ямайкийн дуучин Боб Марли, Мексикийн зураач Фридагийн хөргийг дүрсэлсэн нь тэд ямар урлаг, хэнд татагддагийг ойлгож болмоор шиг. Бэлэг дурсгалын дэлгүүрүүд, жижигхэн мухлагууд үүдэндээ хөргөгчний наалт бүхий самбар гаргаж байрлуулсан байх ба тэр бүр дундуур энэ тэрийг анзаарч ажиж явахад, түүнээс цааш явбал бүр ч гоё зүйлсийг олж үзэх юм шиг шуналт мэдрэмж төрнө. 


Үдэш нь тэдгээр гудамжны нэгэнд оройн зоог барив. Өдрийн чулуун гудамж үдэш нь гэрэлт гудамж болжээ. Бөгчим халуун, хур чийг, цэцэг навч, гэрлэн чимэглэл, дуу хөгжим, хүмүүсийн яриа, хамгаалагч залуус. Шаламгай зөөгч хүрч ирээд, захиалга авав. Хоолонд үхэр, тахиа, хавч, уух зүйлст коктейль, жимсний жүүс, шар айраг зэргийг санал болгов. Кубачууд юмхнаар юм хийхдээ гаргуун хүмүүс юм. Хөл оёдлын машины тавцанг өнгөлөг өнгийн хулдаасаар хулдаж, ширээ болгон ашиглажээ. Ширээн дээрээ цэцэгтэй. Цэцгээ чанамлын шилэн саванд хийчихсэн ч байх шиг. Хоол нь хурдан гардаг шуурхай үйлчилгээтэй газар байв. Амттай ч юм. “Эмээ нь цагтаа Карибын тэнгисээс барьсан хавчны мах идэж явлаа” хэмээн хуучлах түүхтэй үлдэв. Ингээд хоёр зуут голдуу үндэсний мөнгөн тэмдэгтээр тооцоо хийв. Тэднийхний мөнгөн тэмдэгтийг песо гэнэ. Монголоос песо олдохгүй тул евро барьж очиж, тухайн өдрийн ханшаар нь солиулсан. Мөн манайхаас 12 цагийн зөрүүнд амьдардаг. 


Ингээд Карибын тэнгист нар жаргахыг үзлээ. Өдрийн халуунд гэртээ бүгсэн хүмүүс тэнгисийн даланг бараадацгаажээ. Цэлэлзсэн их ус эргийн чулууг цохиж, эрчилсэн дуу чимээг үүсгэнэ. Өнөө биш өнө эртийн цагтсан бол Эрнест Хемингуэйн “Өвгөн тэнгис хоёр” зохиолд өгүүлдэг шиг энэхүү эрэгт лавтайяа загасчдын суурин байх байсан биз ээ. Өвгөн загасчин өнөөдрийн тэнгисийн ааш аяг, маргаашийн далайн өгөөжийн тухай яриаг хөршийнхөнтэйгөө өдөөж, залуус халуухан өгүүлэмжтэй дуу хуур, бүжиг наадмаар шөнийн нам гүмийг эвдэнхэн байх байсан бус уу. Энэ мэтийг төсөөлөн бодох зуур тэнгэрийн хаяан дахь улбар ягаан туяа агшнаа алга болж, тас харанхуй нөмрөхөд өнөөх гэгээн гэрэлт бодлууд дорхноо замхарч, түүний оронд тэнгис догшин ширүүн төрхөө үзүүлж өчүүхэн намайг айдаст автуулав.                                                                                                                                                                                                                                       Үргэлжлэл бий.


Холбоотой мэдээ