Карабахын түүх буюу 30 жилийн сөргөлдөөн

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-10-03 10:47:21

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Уулын Карабахын БНУ буюу армянчуудын нэрлэдгээр Арцах улс ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс оршин тогтнохоо зогсоож байгаа тухай зарлигт тус улсын төрийн тэргүүн С.Шахрамян гарын үсэг зурснаар тус маргаантай бүс нутаг Азербайжаны бүрэлдэхүүнд орж байна. Ингэснээр 1988 оноос хойш 35 жил үргэлжилж, олон мянган хүний аминд хүрсэн зэвсэгт мөргөлдөөн зогслоо хэмээн ажиглагчид дүгнэжээ.


9 дүгээр сарын 19-ний өдөр Азербайжаны арми Карабахад хүчтэй цохилт өгснөөр Карабахын 10 мянга гаруй хүнтэй анги нэгтгэлүүд зэвсгээ хураалгалаа.


Гэхдээ Карабахтай холбоотой нутаг дэвсгэрийн маргаан үүнээс бүр өмнө буюу өнгөрсөн зууны эхээр тус бүс нутаг Азербайжаны бүрэлдэхүүнд орсноор эхэлсэн юм.


Түүхийн хуудсыг сөхвөл, XIX зууны эхээр буюу 1804 – 1813 оны Орос-Персийн дайны дараа Карабахын хант улс Оросын эзэнт гүрний бүрэлдэхүүнд орж, Карабах муж гэдэг нэртэй болжээ. Хожим нь Оросын хэд хэдэн губернийн бүрэлдэхүүнд багтаж байв. 


1917 оны Октябрийн хувьсгалын дараа дэгдсэн Иргэний дайны үеэр Карабах нутаг армянчууд ба азербайжанчуудын хоорондын ширүүн мөргөлдөөний талбар болж байлаа. Харин Кавказын чанадад Зөвлөлт засаг тогтсоноор мөргөлдөөн үндсэндээ зогсжээ.


1921 онд Оросын Коммунист намын Кавказын товчоо Карабахыг Арменид шилжүүлэн өгөх шийдвэр гаргасан боловч маргааш нь шийдвэрээ өөрчилж Азербайжанд нэгтгэхээр болжээ. Үүний дараа Зөвлөлт засгийн үед үндэстэн хоорондын зөрчилдөөн далд хэлбэрт шилжлээ.


Нэн шинэ түүхэнд дахин сэдэрсэн сөргөлдөөн  

Олон жилийн дараа буюу 1987–1988 онд Карабахын төлөөлөгчид ЗХУ-ын удирдлагад хандаж, Карабахыг Азербайжаны бүрэлдэхүүнээс гаргаж ЗСБНАрмян улсад нэгтгэх хүсэлт гаргасан нь нэн шинэ түүхэн дэх сөргөлдөөний эхлэлийг тавилаа. Үндэстэн хоорондын маргаан даамжирч, мөргөлдөөнд хүрэхээс болгоомжилсон Зөвлөлтийн удирдлага Карабахын хүсэлтийг хүлээж авсангүй. Тэгээд ч энэ үед ЗХУ задрах үйл явц нэгэнт эхлээд байсан тул ЗХУКН-ын удирдлага Карабахад үүссэн нөхцөл байдлыг анзаарах сөгөөгүй байлаа. Үүнийг далимдуулан тухайн үеийн Уулын Карабахын автономит мужид Арменитай нэгдэхийн төлөөх хөдөлгөөн хүчээ авч улмаар 1988 оны 2 дугаар сард Карабахын Аскеран тосгоны ойролцоо армянчууд ба азербайжанчуудын хооронд анх удаа мөргөлдөөн дэгджээ.


Удалгүй 1991 онд ЗХУ задран бутарснаар тэмцэл сөргөлдөөн улам хурцдаж,  Зөвлөлтийн армийн үлдээсэн зэвсэг техникийг гартаа оруулж авсан  талуудын хооронд 1992-1993 онд маш ширүүн тулалдаанууд болсон байна.


Дэлхий дахин хэрхэн хандав

Цус асгаруулсан мөргөлдөөн болж байхад дэлхийн улс орнууд чимээгүй хараад суусангүй. Карабахын асуудлыг НҮБ хэд хэдэн удаа хэлэлцэж, 1993 онд Аюулгүй Зөвлөлөөс 4 удаа тогтоол гаргасан боловч харамсалтай нь ганц нь ч хэрэгжээгүй юм.


Сөргөлдөгч талуудыг хэлэлцээний ширээний ард суулгахын тулд янз бүрээр оролдож байсан боловч Армени ба Азербайжанд удирдлага солигдох бүрт хэлэлцээ зогсож, бүхнийг дахиад тэгээс эхлүүлэх шаардлагатай болж байлаа. Энэ үед ОХУ, АНУ, Францын хамтран даргалсан Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын дэргэдэх Минскийн бүлэг хэлэлцээ хийх асуудлыг хариуцаж байв.


Зуучлагчдын хүчин чармайлтын үр дүнд 1994 онд Карабахад гал зогслоо.  Тодруулбал, тухайн оны 5 дугаар сард Орос болон Киргизийн зуучлалаар Азербайжан, Армени, Уулын Карабахын төлөөлөгчид сөргөлдөөний бүсэд гал зогсоохыг уриалсан Бишкекийн протоколд гарын үсэг зуржээ. Энэ үед Карабах болон түүнтэй залгаа 7 район армянчуудын хяналтанд орсон байв. Зэвсэгт мөргөлдөөний улмаас хоёр талаас 30 гаруй мянган амь үрэгдэж, Карабахаас нэг сая гаруй азербайжанчууд, Азербайжан болон түүний хяналтан дахь Карабахын зарим районоос хагас сая гаруй армянчууд дүрвэсэн гэх тоо бий.


Дайн зогссоноос хойш болсон бүх уулзалт хэлэлцээ ямар ч үр дүнд хүрсэнгүй, харин 2001 онд АНУ-ын Ки-Уэст хотод болсон уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар энхийн гэрээнд гарын үсэг зурахад тун дөхсөн байлаа. Гэвч сүүлчийн мөчид талууд тохиролцооноосоо ухарчээ. 


Азербайжаны талын хувьд, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг сэргээх, дүрвэгчдийг Уулын Карабах руу буцаах ёстой гэсэн шаардлагыг тавьж байсан бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Уулын Карабахын статусыг тодорхойлж, түүнийг Азербайжаны бүрэлдэхүүнд өөртөө засах эрхтэйгээр оруулах талаар хэлэлцээ хийхэд бэлэн гэж мэдэгдэж байвХарин Армени улс "Уулын Карабах бие даасан статустай байх ёстой" гэж үзээд Азербайжаны бүрэлдэхүүнд эргүүлэн оруулахыг хүлээн зөвшөөрсөнгүй.  

Зураг дээр: Уулын Карабахаас дүрвэсэн азербайжанчууд 

Гал зогссоноос хойш 2000-аад онд нефтийн үнэ эрс өссөн бөгөөд үүнээс олсон үлэмж их мөнгийг Азербайжаны тал зэвсэгт хүчнээ бэхжүүлэхэд зарцуулснаар сайтар зэвсэглэсэн орчин үеийн армитай болов.  Үүний сацуу бүс нутагт нөлөөгөө бэхжүүлсээр буй Турк улс Азербайжаныг идэвхтэй дэмжих болсон нь Бакугийн хувьд 1994 онд дайнд ялагдсаныхаа хариуг авах боломжтой гэсэн итгэлийг төрүүллээ. Туркчууд ба азербайжанчууд түүх, соёлын гүн гүнзгий хэлхээ холбоотой бөгөөд тэдний ярьдаг хэл нь хэлний нэг бүлэгт хамаардаг, мөн адилхан лалын шашинтнууд. Харин 1915 онд Османы эзэнт гүрний үед армянчуудыг бөөнөөр нь хядсан нь Турк-Армений харилцаанд эмзэг асуудал хэвээр байгаа билээ.


Дахиад л дайн

Хүчирхэг армитай болсон Азербайжан 2010- аад оны дунд үеэс хүч хэрэглэх тактикт шилжив. 2014 ба 2016 онуудад дэгдсэн зэвсэгт мөргөлдөөнүүд ЕАБХАБ ба Орос улсын оролцоотойгоор зогсож байлаа.


2018 онд Арменид “өнгөт хувьсгал” ялснаар сөрөг хүчний удирдагч Никол Пашинян засгийн эрхэнд гарав. Ингэснээр Карабахын дайнд идэвхтэй оролцож, үүн дээрээ дөрөөлөн улс төрийн карьераа ахиулж, Арменийг удирдсаар ирсэн  “Карабахын бүлэглэл”-ийнхэн байр сууриа алдлаа. Пашинян Ерөнхий сайд болсноор Карабахын асуудлыг шийдвэрлэхэд ахиц гарна гэсэн найдвар төрөв. Гэвч энх тайван цаг ирсэнгүй, дахиад л дайн дэгдлээ.  


2020 оны 9 дүгээр сарын 27-ны өглөө Азербайжаны арми “Төмөр нударга” гэдэг нэртэй байлдааны ажиллагаа явуулж эхэлснээр Карабахын хойд ба өмнөд нутгуудад нэг талаас Азербайжаны арми, нөгөө талаас Уулын Карабах БНУ ба Арменийн зэвсэгт хүчин оролцсон ширүүн тулалдаан 44 хоногийн турш үргэлжиллээ. Дайны эцэст Азербайжаны тал Карабахын нутаг дэвсгэрийн 70 хувийг хяналтандаа авчээ.


10 дугаар сарын 10-нд Оросын зуучилснаар гал зогсоох хэлэлцээр байгуулагдсанаар Азербайжаны тал Уулын Карабахын 7 районд хяналтаа тогтоож, Армений цэрэг тус нутгаас гарч явсан ба Оросын цэргүүд энхийг сахиулахаар үлдэв. Гэвч хилийн зааглах шугамын дагуу жижиг зэвсэгт тулгаралтууд тасралтгүй үргэлжилсээр байлаа.  


2022 оны сүүлчээр Карабахыг Арменитай холбосон цорын ганц зам болох Лачины коридорыг Азербайжаны тал бүслэн хаасны улмаас Бакугийн мэдлээс гадуур үлдсэн Карабахын районуудад нөхцөл байдал нэн хүндэрч, хүмүүнлэгийн хямрал нүүрлэв.  


Олон улсын нөхцөл байдал өөрт нь ашигтайгаар эргэхийг анан хүлээж байсан Азербайжаны тал Карабахын асуудлыг хүчээр нэг мөр шийдэхийн тулд өнгөрсөн 9 дүгээр сарын 19-ний өдөр Карабахын цэрэгт хүчтэй цохилт өгөв. Энэ үед Армений зэвсэгт хүчин Карабахыг хамгаалан тулалдахад бэлэн бус байлаа. Нэг хоногийн дотор карабахчууд бууж өгөв.


Одоо энэ өдрүүдэд Уулын Карабахын БНУ ба Азербайжаны хооронд Карабахын армянчуудын статусын асуудлаар хэлэлцээ явагдаж байна. Харин тус бүс нутгийн 120 гаруй мянган иргэдийн ихэнх нь хэлэлцээний дүнг хүлээлгүйгээр Армени руу дүрвэн гарчээ.

“Карабах бол Азербайжаны нэг хэсэг гэж дэлхий даяараа үзэж байна. Хэн ч Азербайжаныг буруутгасангүй. Энэ ертөнцийн хууль нь ийм л юм даа. Уулын Карабах бол Азербайжаны нэг хэсэг гэж биднээр хүлээн зөвшөөрүүлэхээр хүчилж байна. Одоо биднээс хамаарах зүйл юу ч алга, бүх зүйл дуусчээ”

Үүний сацуу Карабахыг харсаар байгаад алдсан гэх Армений Ерөнхий сайдыг огцруулахыг шаардсан жагсаал цуглаан Ереванд үргэлжилсээр байна.


Армений анхны Ерөнхийлөгч Левон Тер-Петросян хэлэхдээ “Карабах бол Азербайжаны нэг хэсэг гэж дэлхий даяараа үзэж байна. Хэн ч Азербайжаныг буруутгасангүй. Энэ ертөнцийн хууль нь ийм л юм даа. Уулын Карабах бол Азербайжаны нэг хэсэг гэж биднээр хүлээн зөвшөөрүүлэхээр хүчилж байна. Одоо биднээс хамаарах зүйл юу ч алга, бүх зүйл дуусчээ” гэсэн байна.


30 жил оршин тогтносон Уулын Карабахын БНУ-ын түүх төгсгөл болж, Азербайжаны хувьд Карабахын асуудал шийдэгдсэн мэт боловч бүс нутагт энх тайван тогтсон гэж бүрэн итгэлтэйгээр хэлэхэд эрт байна. 

Холбоотой мэдээ